АТГ-ын дарга З.Дашдаваа Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 43 секунд

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр "НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай хамт олон авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлж, авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог хангах, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоон арилгах, албан хаагчдыг мэргэшүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрах ажилд онцгой анхааран ажиллаж байна.

2025 оны эхний 11 сарын байдлаар авлигын эсрэг 617 удаагийн сургалтад 37020 хүнийг хамруулж, авлига үүсгэж болзошгүй 255 шийдвэрийг хянасны зэрэгцээ авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 81 төрийн байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй 988 гомдол, мэдээллийг хянан шалгаснаас 918 гомдол, мэдээллийг эцэслэн шийдвэрлэж, 78 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, ажлаас халах зэрэг хариуцлага хүлээлгэсэн байна. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлуудыг тогтоож, 18 мэдүүлэг гаргагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Авлигатай тэмцэх газар 2019-2025 онд авлигын 11006 гэмт хэрэг шалгасан бөгөөд энэ хугацаанд 3,0 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, улсын төсөвт төвлөрүүллээ. Авлигын улмаас гадаад улсад хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр хүчин чармайлт гаргасны үр дүнд нийт 13,9 сая ам.долларын хөрөнгийг улсдаа буцаан авчраад байна.

Бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх, хууль бус хөрөнгийн урсгалыг таслан зогсоох улс орнуудын хамтын ажиллагаанд Авлигатай тэмцэх газар бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна. 2025 онд Хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар даргалагч улсын статусаар Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурлыг эх орондоо 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулав.

Авлигатай тэмцэхэд бүх нийтийн оролцоо, санаачилга чухал бөгөөд биднийг ямагт дэмжиж хамтран ажилладаг яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, иргэний нийгэм, хувийн хэвшил, гадаад улсаас суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газрын удирдлага, ард иргэддээ хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.

Авлигын эсрэг залуустай хамт нэгдье. Шударга ирээдүйг хамтдаа бүтээе" гэжээ.

Ч.Лодойсамбуу: “Хэсгийн ахлагч” нэрээр төртэй гэрээ байгуулж сар бүр 1.2 сая төгрөгийн цалин авдаг 1915 хүн байна
Ч.Лодойсамбуу: “Хэсгийн ахлагч” нэрээр төртэй гэрээ байгуулж сар бүр 1.2 сая төгрөгийн цалин авдаг 1915 хүн байна
 
ТАНИЛЦ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдсэн ЧИГЛЭЛҮҮД
ТАНИЛЦ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдсэн ЧИГЛЭЛҮҮД
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!