УИХ-ын намрын ээлжит чуулган эхлээд 70 хоног өнгөрөв. Энэ хугацаанд 126 гишүүнтэй парламент хэр үр дүнтэй ажиллав. Шулуухан хэлэхэд, энэ удаагийн намрын чуулганаар 2026 оны төсвийн тухай хууль болон төсвийн хүрээний мэдэгдлээс өөр хуулийн төсөл батлаагүй байна. Төсвийн хуулиудыг 9-р сарын 15-нд намрын чуулган нээснээс хойш 2 сар гаруй хугацааны дараа буюу 11-р сарын 12-нд эцэслэн баталсан байдаг.
Чуулганы хуралдаан 75-аас багагүй хоног хуралдах ёстой бөгөөд сар гаруй хугацааны дараа хаалтаа хийх намрын чуулганы хувьд тун хангалтгүй үзүүлэлт юм. Харин 2024 оны намрын чуулган тухайн оны 10-р сарын 1-нд нээж төсвийн хэлэлцүүлгийг эхлүүлэн, 2025 оны төсвийг 11-р сарын 8-нд буюу сар гаруй хугацаанд хэлэлцэн баталж байв.
Мөн өнгөрсөн 2024 оны намрын чуулганаар нийт бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталж байжээ.
Энэ намрын чуулганаар баталсан хуулийн төслүүд:
-2026 оны төсвийн тухай хуулиуд
-2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-2026 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
Баталсан тогтоолууд:
-Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоол /ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн/
-Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны ЗГ хоорондын хэлэлцээр
-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоол

Энэ парламент төсвөө ч тийм амар батлаагүй. Төсөв хэлэлцэх хугацаагаа “хэрэлдэж” барсан тэд аргагүй эрхэнд хуулийн хугацаанд баригдан эрэмдэг, зэрэмдэг төсөв баталсан.
Төрийн ажил гацахад сөрөг хүчин АН-ынхан ч нөлөөтэй. УИХ-ын хаалгаар хуулийн төслүүд, улс орны амин чухал асуудал ороод ирэхэд, үл ялих шалтгаанаар завсарлага авч тав, арван хоногоор нь “идэж” байна. Тэдний завсарлага авсан байдлыг дурдвал:
-9-р сарын 15. 2026 оны төсвийн хэлэлцүүлгээс 2 хоногийн завсарлага авав.
-9-р сарын 19. Төсвийн хэлэлцүүлгээс авсан завсарлагаа 3-аас илүүгүй өдрөөр сунгав.
-10-р сарын 24. "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай" асуудлаар 3 хоногийн завсарлага авав.
-11-р сарын 4. УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авав.
-11-р сарын 20. УИХ-ын даргыг сонгох асуудлаар 14.00 цаг хүртэл завсарлага авав.
Энэ намрын чуулганаас онцлох нэг зүйл нь багагүй томилгоо хийсэн явдал. ҮХЦ дээр маргаан үүссэн ч гэсэн Ерөнхий сайдыг огцруулахаас эхлээд, УИХ-ын дарга, дэд дарга, ХЗДХ-ийн сайд, Шадар сайдын томилгоо хийгдсэн юм. Мөн тун удахгүй Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох асуудлыг УИХ-д танилцуулахаар хүлээгдэж байна.
Намрын чуулганы хугацаанд хийгдсэн томилгоонуудыг танилцуулбал,
10-р сарын 17. УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсны дагуу 50 гаруй гишүүн гарын үсэг цуглуулснаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-д өргөн мэдүүлснээр УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Засгийн газрын сайд нар болон нэр бүхий гишүүд "Хууль бус санал хураалт явуулах гэж байна" гэж үзэн, 24 цагийн турш чуулганы хуралдааныг саатуулсан. Харин УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа өмнөх өдрийн ирцийг үргэлжлүүлэн бүртгэснээр хуралдаан эхэлж, дээрх асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулахад, 111 гишүүний 71 нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг дэмжээгүй тул Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоол батлагдсан байдаг.
10-р сарын 17. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 10-р сарын 16-ны орой УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах үеэр өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг. Энэ дагуу ТББХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн бөгөөд 17-ны чуулганы хуралдаанаар хэлэлцэж санал хураалт явуулахад, гишүүдийн 89.5 хувийн саналаар Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын даргаас огцруулав.
10-р сарын 24. Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайг илрүүлэх ажлаа эрчимжүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж буйгаа мэдэгдэж, УИХ-д албан бичгээ хүргүүлсэн. Тухайн үеийн улс төрийн маргаанаас үүдэж, сар гаруй хүлээгдсэн томилгоог 10-р сарын 24-ний чуулганы хуралдаанд танилцуулснаар ХЗДХ-ийн сайдын томилгоо албажсан юм.
10-р сарын 30. Сар гаруйн хугацаанд хоёр хуваагдаад байсан МАН-ын бүлэг Ж.Батжаргалыг даргаараа баталгаажуулж, тамгыг нь гардуулсан өдөр. 10-р сарын 15-нд МАН-ын бүлгийн 38 гишүүн ээлжит бусаар хуралдаж Ж.Батжаргалыг бүлгийн даргаараа сонгосон ч 15 хоногийн турш жинхэлж чадаагүй явсны эцэст бүлгээрээ нэгдэн хуралдаж, Ж.Батжаргалдаа тамгыг нь гардуулав.
11-р сарын 12. УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилов. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг батлахдаа "Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэгдсэн Х.Булгантуяаг 66.7 хувийн саналаар УИХ-ын дэд даргаас чөлөөлсөн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг 78 хувийн саналаар УИХ-ын дэд даргаар томилсон юм.
11-р сарын 13. Х.Ганхуягийг шадар сайдаар томилов. Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, эсрэг санал өгсөн С.Амарсайханыг "Засгийн газрын гишүүний хариуцлагын гэрээг зөрчсөн" гэж үзэн, Шадар сайдаас чөлөөлсөн байдаг. Түүний оронд ТБХ-ны даргаар ажиллаж байсан Х.Ганхуягийг томилж буйгаа Ерөнхий сайд мэдэгдэж, чуулганы хуралдаанд танилцуулснаар томилгоо албажсан юм.
11-р сарын 20. Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонгов. МАН-ын даргаар сонгогдсон түүнийг намынх нь Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсний дагуу УИХ-ын даргад санал болгож, чуулганы санал хураалтад оролцсон гишүүдийн 82.5 хувийн саналаар түүнийг сонгосон. Түүнчлэн, 17 гишүүн түүнээс татгалзсаны хоёр нь МАН-ын Ч.Номин, Л.Соронзонболд нар байв.
11-р сарын 24. Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох саналыг Ерөнхий сайд МАН-ын бүлэгт танилцуулав. Учир нь ЭЗХ-ийн сайдаар ажиллаж байсан Н.Учрал УИХ-ын дарга болсон тул энэ суудал "эзгүйрсэн". Иймд түүний оронд Ж.Энхбаярыг шилжүүлэн томилох гэж буй. Улмаар ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилох гэж буй нь энэ юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!