
"Нэтфликс" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical Asia" шоуны төгсгөлийн гурван дугаар өнөөдөр цацагдана. Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппиний тус бүр зургаан хүнтэй баг оролцож, хүч, ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд шилдэг дөрөвт БНСУ, Япон, Монгол, Австралийн багууд шалгарч үлдээд буй юм.
Ингээд Монголын багийн ахлагч Улсын арслан Б.Орхонбаяр сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр "Анх 2023 онд Хулан эгч манай багш Т.Өсөх-Ирээдүйтэй холбогдож, “Physical 100 Монголтой хамтрах гэж байна. Бид нарын зүгээс Б.Орхонбаярыг оруулах хүсэлтэй байна” гэж хүсэлт тавьсан. Тэгээд цаг товлоод уулзсан.
Түүнээс хойш жилийн дараа 2024 оны наадам өнгөрөөд, намар нь дахиж холбогдсон. Тэгэхэд албан ёсны сонгон шалгаруулалт эхэллээ. Өмнөд Солонгосоос Netflix-ийн баг нь ирсэн. Тэгээд уулзалт, сонгон шалгаруулалтууд эхэлсэн.
Netflix-ийн том шоу санал тавьж байгаа учраас Монгол Улсаа төлөөлөөд оролцчихьё. Үндэсний бөхийн спортоо төлөөлөөд оролцчихьё. Ямар болохгүй биш гэж бодсон. Дэлхий дахинд ийм спорт Монголд байгаа шүү гэж харуулахыг хүссэн юм.
Шоунд зориулж бол бэлтгэл хийгээгүй. Өдөр тутам спортын бэлтгэл хийдэг учраас тэр бэлтгэлээрээ л орсон. Баг багаараа үзнэ гэсэн ойлголт байсан учраас багийн төрөл түлхүү, багаар ажиллах даалгавар их ирэх байхдаа гэж дотроо бодож байсан.
Физикал 100-гийн 1, 2 дээр өгсөн даалгавруудаас өгөхгүй байх гэж бодож байсан. Ямар даалгавар өгөхийг бид нар мэдэхгүй. Гэнэт орж ирж танилцаж байгаа юм.
Тухайн үед маш богинохон хугацаанд сэтгэж бодож, тактик боловсруулна. Би бас багийнхаа ахлагч болчихсон учраас тодорхой хэмжээний үүрэг хариуцлага нөгөө хэдээсээ илүү үүрэх шаардлагатай. Турк, Япон хоёртой өрсөлдсөн нэг даалгавар байгаа. Тэнд бид нар алдах эрхгүй. Гуравт орвол шууд хасагдана. Хоёрт орвол дараагийн шат руу орно. Ямар ч байсан хоёрт орохын төлөө бүх хүчээ шавхсан.
Манай монголчууд чинь эртний нүүдэлчин хүмүүс. Хол байж байгаад гэнэт нэгдэж юм хийдэг байсан шүү дээ. Тэрэнтэй адилхан бид ойлголцоход амархан байсан болов уу. Биеийн хүчээр бол илүү гараагүй. Дутуу байсан байх. Гэхдээ багийн нэгдэл, нэг нэгэндээ итгэх итгэл, тактик, хар ухаан нь жаахан илүү байсан болов уу.
Бүхий л даалгавар тэсвэр тэвчээр шаардаж байгаа. Тэр болгон дээр бид нар тэсэж үлдэж байна гэдэг чинь илүү тэсвэр тэвчээртэй л байсан гэсэн үг. Нэг юмыг ойлгосон. Бид Дэлхийн тамирчдаас нэг их дутаад байх юм байхгүй юм байна. Бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээр, ямар ч төрөл дээр үзвэл үзэхээр л юм байна гэж бодсон.
Эргэн тойронд 500-гаад зураглаач, камер байсан байхаа. Шантарвал шантрахаар үе байсан. Гэхдээ камер руу харахаар л Монгол харагдаад бас жаахан тэвчээр заасан л даа.
Хамгийн их урам зориг өгсөн юм гэвэл манай жүдогийн Адъяа маань хүч бярын юман дээр нэлээн хань болсон л доо. Тэрийг хараад эмэгтэй хүн ингэж тэвчээр зааж байхад би үүнээс илүү байх ёстой гээд л урам зориг авч байсан.
Тэмцээнд оролцсон бүх тамирчинтай найз нөхөд болсон. Дэлхийн хэмжээний тамирчид Монгол үндэсний бөх гэж ийм байдаг юм байна. Монгол гэж ийм улс байдаг юм байна гэсэн ойлголт авлаа.
Нийт монголчууддаа уриалахад, Physical Asia-гаа тухлан сууж, таалан соёрхож үзээрэй. Та бүхэн минь хэр их хандалт өгч үзэхээс дараа дараагийн залуучуудын минь оролцох тэмцээн, боломж их болох байх аа. Тиймээс та бүхэн минь сайн үзээрэй л гэж хэлье" гэжээ.
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!