Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг тогтмол түгээх, мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдэд “Цагдаагийн булан” байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Тус ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас санаачилж, хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин, нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Март” сүлжээ дэлгүүр өөрсдийн талбайд иргэдэд хамгийн ойр байх зай талбайг гарган өгч, “Покет ББСБ” ХХК-ийн Pocket Safe брэндээс тус төвийн тохижилтыг бүрэн санхүүжүүлсэнээр анх удаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” сүлжээ дэлгүүрийн 1 дүгээр давхарт “Police Support Zone” байгуулж, үйл ажиллагааг өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эхлүүллээ.
“Police Support Zone” буюу цагдаагийн булан нь иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл түгээх, зөвлөгөө өгөх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, цагдаагийн байгууллагатай харилцах шуурхай орчныг бүрдүүлэх, иргэдийн итгэл, оролцоог нэмэгдүүлэх зорилготой байнгын үйл ажиллагааны цэг юм. Мөн цагдаагийн буланг ашиглалтанд оруулснаар иргэд заавал цагдаагийн байгууллагад очих шаардлагагүйгээр худалдааны төв, үйлчилгээний газар орохдоо хууль, эрх зүйн зөвөлгөө авах, facebook, instagram, gmail зэрэг цахим платформоо алдсан иргэдийн хаягийг сэргээж, 2 шатлалт хамгаалалт хийх зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх давуу талтай юм.
Цаашид тус буланг байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж нийслэлийн бусад дүүрэг болон аймгийн төвийн худалдааны төвүүдэд “И-Март” сүлжээ дэлгүүрт хэрэгжүүлсэн жишгийг загвар болгон ашиглан, иргэд аль ч худалдааны төвд орсон найдвартай мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах илүү үр дүнтэй систем бүрэлдэнэ.