ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэнгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 8 секунд

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.11.11/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тогтоолын төслийг танилцуулахдаа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төсөл нь “Шинэ итгэл эрс шинэтгэл”-д зорин хүний хөгжил, нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл, эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил, байгаль орчин, ногоон эдийн засаг, засаглал дижитал шилжилт, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэнэ. Тогтоолын төслийн хүрээнд үндэсний 10 салбарын 35 төсвийн ерөнхийлөн захирагчийн 85 хөтөлбөрийн 200 үр дүн нийт 330 үр дүнг тодорхойлсон” гэв.

Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын сайд нар УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүд инфляцийг хэрхэн тогтворжуулах, төрийн өмчит компаниудын хувьчлал, хөдөө аж ахуйн салбарт бодит өсөлт байгаа эсэх, эрчим хүчний салбарт төрийн оролцоо их байгаа талаар асууж тодруулсан юм. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Хууль тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Хуулийн хэрэгжилт 30 хувь, тогтоолын биелэлт 40 гаруй хувьтай байгаа нь хангалтүй гэдгийг гишүүд хэлж, байгууллагууд тайлангаа ямар байдлаар ирүүлж үнэлгээг хэрхэн хийж байгааг асууж тодрууллаа. Ажлын хэсэг тайланг цахимжуулснаар давхардал арилж, байгууллага хоорондын үл ойлголцол арилна гэдгийг хэллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ
Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!