Ерөнхий сайд Г.Занданшатар кабинетийн сайд нарынхаа хамтаар Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлээ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа “2030 он гэхэд ядуурлын түвшинг хоёр дахин бууруулна” гэдгээ онцолсон юм. Ядуурлын түвшинг бууруулах тухай амлалт, яриа зөвхөн энэ биш. Өмнөх Ерөнхий сайд нар болон холбогдох сайд нар ч ядуурлыг тодорхой хувиар бууруулахаар амлаж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Тэдгээрээс жишээлбэл,
-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сард МАН-ын 30 дугаар Их хурлын үеэр ядуурлыг тав дахин бууруулж, чинээлэг давхаргыг 80 хувьд хүргэхээр танилцуулж байжээ.
Түүнчлэн, УИХ-ын сонгуулиудын үеэр ч ядуурлыг хоёр ба түүнээс дээш хувиар бууруулахаар эрх баригч Монгол ардын намын мөрийн хөтөлбөрүүдэд тусаж байв. Тухайлбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар эрх баригч МАН ядуурлыг хоёр дахин бууруулах зорилт тусгасан байна.
Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутамд гаргасан мэдээллээс харахад, ядуурлын түвшин 2010 онд 38.8 хувь, 2012 онд 27.4 хувь, 2014 онд 21.6 хувь, 2016 онд 29.6 хувь, 2018 онд 28.4 хувь, 2020 онд 27.8 хувь, 2022 онд 27.1 хувь, 2024 онд 27.1 хувьтай гарчээ.

Харин ядуурлын түвшинг бүсээр нь авч үзвэл, 2022 оны байдлаар Улаанбаатар болон аймгийн төвд 23 хувь, сумын төвд 36 хувь, улсын хэмжээнд 27 хувьтай гэсэн статистик судалгаа гарсан байна.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!