Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр С.Амарсайханыг Засгийн газрын гишүүнийг "ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ"-г зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж буйг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн байдаг.
Тодруулбал, С.Амарсайхан нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, чуулганы хуралдааны үеэр Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн байдаг юм.
Тэгвэл түүний оронд Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилохоор болжээ. Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах хүсэлтийг энэ сарын 7-ны өдөр Ерөнхий сайдаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид ирүүлсэн аж.
Харин өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөөгүй тул дээрх асуудлыг хойшлуулж, өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.