
Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг угтан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Саксони мужийн нийслэл Дрезден хотноо “Саксони муж улс дахь Монголын өдрүүд” арга хэмжээ "Боловсрол", "Хөдөө, аж ахуй"гэсэн үндсэн хоёр хэсгийн дагуу зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Саксони мужийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн нарийн бичгийн дарга Др. Хандшү нар албан ёсоор нээлээ. Арга хэмжээний Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсролын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, их сургуулиудын удирдлага болон худалдааны байгууллагын төлөөллүүд олон төрлийн арга хэмжээг хамруулан оролцож байна.
Мөн үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон их сургуулиудын удирдлага Саксони муж улсын их сургуулиудаар зочилж, "Илгээлт 2100" хөтөлбөрөөр хүрээнд суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзан, нээлттэй ярилцлаа.
Хоёр улсын хувьд дипломат харилцаа тогтоосны 50 жилийг 2024 онд тэмдэглэн өнгөрөөсөн ч боловсорлын салбарын хамтын ажиллагаа тэртээ 1926 онд эхэлж, монгол залуус Герман, Франц зэрэг улсад суралцахаар явсан түүхтэй. Анхны суралцагчдаас Ардын уран зохиолч Д.Нацагдорж, анхны малзүйч Т.Аюурзана зэрэг Монголын соёл, нийгэм, шинжлэх ухааны анхдагчид төрсөн байдаг. Энэхүү боловсролын салбарын түүхт хамтын ажиллагааны 100 жилийн ой ирэх 2026 онд тохиох юм.