Өмнөд Солонгост олон жилийн өмнө болсон аймшигт цуврал аллагын хэргийн жинхэнэ буруутан өнгөрсөн жил өөрийгөө илчилжээ. Гэтэл түүний үйлдсэн хэргүүдийн нэгийг өөр хүн үүрч, хорин жилийн турш шоронд хоригдсон байв.
Жинхэнэ гэмт хэрэгтэн өөрийгөө илчилсэн даруйд хилс хэргээр шийтгүүлсэн иргэнийг суллаж, нэрийг нь цагаатгасан байна.
Хэргийг тодруулбал, 1988 онд Сөүл хотын ойролцоо Хуасон тосгонд 13 настай хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарч, цагдаа нар хадам ах Юн Сон Ёог нь сэжиглэн баривчилсан байна. Өдгөө 50 настай түүнийг өчигдөр шүүгч гэм буруугүй хэмээн үзэж, нэр төрийг нь сэргээсэн байна. Учир нь үнэн хэрэгтээ 13 настай хүүхдийг хөнөөсөн хэрэг цуврал алуурчин И Чун Жэгийн 1986-1991 оны хооронд үйлдсэн арван аллагын нэг байжээ.
Шүүгч нарын олж мэдсэнээр, Юн Сон Ёо хэдий буруугүй ч цагдаа нарын эрүү шүүлтээс болж аргагүйн эрхэнд хэрэг хүлээжээ. Тухайн үед 22 настай байсан Юнг цагдаа нар гавлан, хүйтэн өрөөнд гурван хоног нойр, хоолгүй байлгасан байна. “Шүүх засаглалын нэгэн хэсгийнхээ хувьд би салбарынхаа буруу ажиллагаанаас болж асар их зовж тарчилсан, хүний эрхээ эдэлж чадалгүй хохирсон иргэнээсээ уучлал гуйж байна” хэмээн шүүгч Пак Жон Жэ хэлсэн байна.
Юн олон жилийн турш өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр ирсэн ч хэн ч үл тоосоор өдийг хүрчээ. Эцэст нь цагдаа нар өнгөрсөн жил жинхэнэ гэмт хэрэгтнийг олж тогтоосноор Юн шүүхэд хандах эрхтэй болсон аж. Тэрбээр “Ингэж нэг юм гучин жилийн турш үүрч ирсэн дэндүү хүнд ачаагаа хаяж, ясаа амрааж чадлаа” хэмээв.
Цагдаа нар мөн шинэ ДНХ илрүүлэх технологийн ачаар 1994 оноос хойш хоригдсон Юнг дээрх хэрэгт хамааралгүй болохыг тогтоосон байна. Мөн долдугаар сард Кёнги дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга тухайн үед цагдаа нар Юнд хүч хэрэглэж, хилс хэрэг үүрүүлсэн гэдгийг баталж, “Бид И Чун Жэгээс болж хохирсон бүх хүн, тэр дундаа түүний гарт амиа алдсан бүх хохирогч, тэдний ар гэрийнхэн, түүний хэрэгт сэжиглэгдэж, нэр төрөөрөө хохирсон хүмүүс, хилс хэрэг хүлээж, шоронд хоригдсон Юн нараас өвдөг сөгдөн уучлал гуйж байна” хэмээжээ.
Эх сурвалж: CNN