Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Солтанд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2020.12.18/ хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жил хорих ял оногдуулжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.