Дэлхийн тэргүүлэх биржүүдийн анхаарлын төвд байдаг гол агуулахууд дахь зэсийн нөөц буурч, сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрч, тонн зэсийн үнэ 8000 ам.доллар давжээ.
Оны эхэнд зах зээлийн шинжээчид 2020 онд 191 мянган тонн зэсийн хомсдол үүссэнээр жилийн дундаж үнэ нь 6050 ам.доллар хүрч өснө гэсэн таамаглал дэвшүүлж байв.
Зэсийн үнийн өсөлтөд дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад улс Covid-19-өөс үүдэлтэй хямралаас хурдан сэргэж байгаа нь хүчтэй нөлөө үзүүлж буй юм. Түүнчлэн Сovid-19-ийн эсрэг вакцинууд гарч эхэлсэн эерэг мэдээлэл зэсийн үнийн өсөлтөд нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ. Нийлүүлэлт талаасаа агуулах дахь зэсийн нөөц багасч, гол олборлогч орнуудын нийлүүлэлт тасалдаж байгаатай холбоотойгоор зэсийн үнэ улам өсч, тонн нь 10 мянган ам.доллар хүрэх магадлалтай гэж “Goldman Sachs” тооцоолсон байна.