
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр дуу оруулагч, жүжигчин Ө.Наранбаатар МУГЖ цолоор энгэрээ мялаалаа. Түүний хувьд 20.000 гаруй кинонд дуу оруулсан нэгэн бөгөөд 1989 онд арван жилийн сургуулиа төгсөөд Улсын Багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэхээр шалгалт өгч байжээ.
Тухайн жил Соёл урлагийн их сургууль шинээр байгуулагдаж, тэрээр тус сургуулийн Кино, драмын ангийн анхны элсэгчдийн нэг болж урлагийн замналынхаа гарааг эхэлсэн байна.
Ө.Наранбаатар нь Монголын кино урлагт дуу оруулгын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, дуу хоолойгоороо олон хүний сэтгэлийг татсан уран бүтээлч билээ.