Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Бадамсүрэн: Ж.Бат-Эрдэнэ дарга олонхын саналыг хүндэтгээд бүлгийн даргаа өгнө гэж найдаж байна. Хууль, дүрэм байсаар байхад “Ойлголцъё“ гэж байгаа нь тийм ч оновчтой зүйл биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
23 минут 48 секунд

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнтэй улс төрд өрнөж буй үйл явцтай холбогдуулан ярилцлаа

-Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагийн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон Ерөнхий сайдыг огцруулах асуудал чуулганаар орж, шийдвэрлэгдсэн. Гэтэл үүнтэй залгаад ҮХЦ-ийн маргаан үүслээ. Ер нь өнгөрөгч өдрүүдэд болж өнгөрсөн улс төрийн үйл явцад ямар дүгнэлттэй байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Нүүрсний хулгайг тойрсон баялгийн тэгш бус хуваарилалт, тэр дундаа баялгийг эрх мэдэлтнүүд хувийн ашиг сонирхолд зарцуулсан байж болзошгүй асуудлыг л хөндсөний дараагаар улс төр "ширүүссэн". Хувь хүнийхээ хувьд, өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн, ирээдүйгээсээ зээлж хэрэглэж буй энэ байгалийн баялгийн хуваарилалтыг ард түмнийхээ төлөө зөв хийх ёстой гэж боддог. Гэтэл өнөөдөр энэ зүйл маань ямар түвшинд хүрч очсоныг бид харж байна шүү дээ. Энгийн нэг иргэн хэдэн тэрбум, их наядаар яригдах гэрээг хийж чадахгүй шүү дээ. Үүнийг эрх мэдэлтэй хүмүүс ба тэднийг тойрсон бүлэглэл хийсэн болох нь тодорхой болж байна. Нууцаас гарах нь гараад, хууль хяналтын байгууллагаар шалгахыг нь шалгаад явж байна. Бүх зүйл илүү тодорхой болоосой гэж бодож байна.

-Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой юу?

-Ерөнхийлөгч дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг гэдэг шүү дээ. Энэ утгаараа Ерөнхийлөгч цаг алдалгүй хориг тавилаа. Нөгөө талдаа огцруулах саналыг өргөн барьсан бол уг саналаар нь санал хураах хуультай. Гэтэл үүнийг нь байнгын хороон дээр нь огцруулахгүй гэдэг санал болгоод явчихсан. Логикийн хувьд, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх асуудлыг өөрөө санаачилж УИХ руу оруулж ирсэн учраас хэлэлцсэн. Харин энэ удаа УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулъя гэж санал өгсөн. Гэтэл энэ удаа байнгын хорооны санал дээр санал хураасан нь байж болохгүй зүйл. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй.

Асуудлыг даамжруулаад, хугацаа алдаад яваад байж таарахгүй. Бараг УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэхээс өмнө ҮХЦ-ийн шийдвэр гарах гээд байна. Магадгүй УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэж буй Х.Булгантуяа дэд дарга өнөөдөр ч чуулган зарлаад, хоригийг хэлэлцэх эрх нээлттэй байгаа. Цэцийн шийдвэрээс өмнө гэсэн үг шүү дээ. ҮХЦ-ийн шийдвэр гарахаас өмнө Үндсэн хууль зөрчсөн үйлдлээ залруулах ёстой. Энэ утгаараа Мягмар гарагт чуулган хуралдах болов уу гэж би бодож байна. Эсвэл Лхагва гарагийн өглөө ч хуралдах байх гэж найдаж байна.

-УИХ-ын шийдвэр албажаагүй байхад ҮХЦ маргаан үүсгэсэн. Улмаар дунд суудлын хуралдаанаа алгасаад их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэхээр зарласан нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл гэж зарим гишүүд тайлбарлаж байна. Маргаан үүсгэсэн асуудалд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Энэ нь цэцийн бүрэн эрхийн асуудал. ҮХЦ өөрийн хуудсаар дамжуулан мэдээлэл тавьсан байхыг харсан. Ингэхдээ улс орны онцгой, томоохон асуудал учраас нэн яаралтай маргаан үүсгэж, их суудлын хуралдаанаараа маргааш буюу аравдугаар сарын 22-нд шийднэ гэсэн байсан. Үүнийг зөв гэж харж байна. ҮХЦ нь Үндсэн хуулиа дээдлэн сахиулдаг, хянадаг байгууллага мөн л юм бол энэ асуудлыг аль болох хурдан шийдэх ёстой. Харин ч өнөөдөр шийдэх ёстой. Ерөнхийлөгч өнгөрөгч Баасан гарагт хүлээн авмагцаа Даваа гарагийн өглөө эрт хориг тавих шийдвэрээ танилцуулж байна шүү дээ. Төрийн ажил хурдтай явах ёстой. Удаанаар хянаж байна гээд яваад байж таарахгүй. Энэ чинь маш тодорхой асуудал шүү дээ. УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийг бичсэн, батлалцсан хүмүүс төдийгүй эрдэмтэн судлаачид ч байр сууриа илэрхийлж байна. 2019 онд ҮХНӨ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг илүү тогтвортой байхад чиглэсэн. Нийт 126 гишүүний олонх буюу 64 нь огцруулах саналыг дэмжвэл огцорсонд тооцно гэж байгаа шүү дээ. Би та бүхэнд нэг жишээ хэлж өгье л дөө. Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатар энэ асуудлыг хэлэлцэх үед гадаадад томилолттой ажиллаж таарсан юм билээ. Б.Батбаатар сайд өөрийн ажиллаж буй Засгийн газраа огцруулъя гэж бодоогүй байх. Гэтэл тэр хүн төрийн ажлаар гадаадад томилолттой явсныхаа төлөө огцруулахгүй гэх санал нь огцруулъя болоод явчихсан зэргээс харвал логикийн хувьд байж боломгүй асуудал болоод байгаа юм л даа. Тэгэхээр ҮХЦ үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа бол асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой. Үндсэн хуулийг тайлбарлах эрх хүн бүрт байхгүй. Үндсэн хуулийн зөрчил гарахаас сэргийлдэг, хянаж, зохицуулдгийн хувьд ҮХЦ ажлаа хийх ёстой.

-Зарим судлаачдын зүгээс гишүүд УИХ-ын индрийг ашиглаж, хуулийг буруу тайлбарлаж байгаа талаар шүүмжлэлүүд нэлээн гарч байна?

-УИХ-ын гишүүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Иргэд ч ялгаагүй. Гэхдээ энэ нөхцөлд институц шийдвэр гаргаж байна шүү дээ. Энэ бол маш ойлгомжтой асуудал. Үндсэн хуулийн 43.1-д огцруулах санал гаргасан бол уг саналыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ л гэж байгаа. Түүнээс биш огцруулахгүй гэсэн саналыг гаргасан бол түүнийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалт байхгүй. Жишээлбэл, би өнгөрөгч хаврын чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Байнгын хороон дээр унасан санал чинь хуралдаа оролцолгүй гараад явчихсан, үүргээ биелүүлээгүй хүмүүсийн эс үйлдэхүйгээр босож ирээд байгааг өөрчилье гэсэн. Тэр үед эл саналыг дэмжиж буйгаа Д.Амарбаясгалан дарга илэрхийлж байсан юм. Гэхдээ энэ нь одоогоор шинэчлэгдээгүй. Тиймээс үүнийг залруулах хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулаад дуусаж байна. Хоёрдугаарт, салбарын сайдыг томилж, чөлөөлөх санал дээр чуулган руу оруулахад УИХ-ын дарга тов тогтоож өгөх ёстой. Тэр хугацаанд төрийн ажил тасралтгүй явах зарчим алдагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан субъектэд байдлаар хандах нөхцөлийг хуулиар хааж өгөх ёстой. Өмнө, 1990-ээд онд Н.Багабанди Ерөнхийлөгч долоон удаа Ерөнхий сайдыг буцааж байв. Тиймээс төрийн ажлыг тасралтгүй явуулах үүднээс салбарын сайдыг томилж, чөлөөлөх бол ажлын гурван өдрийн дотор УИХ-д танилцуулах гэсэн утгатай нэмэлт өөрчлөлтийг өргөн мэдүүлэхэд бэлэн болоод явж байна. Хэдийгээр анх удаа сонгогдсон гишүүд ч гэлээ бидний хэсэг гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн зөрчилтэй энэ зүйлийг Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар засъя гэж байгаа юм.

-Ж.Бат-Эрдэнэ даргын яриад байгаа "Ойлголцъё, тохиролцъё" гэдэг нь тийм ч оновчтой зүйл биш. Дүрмийнхээ хүрээнд л асуудлуудаа шийдэх ёстой-

-Үргэлжлүүлэн бүлэгтэй холбоотой асуудлаар тодруулъя. Танай намын бүлэг өчигдөр тов ёсоор хуралдах байсан ч хоёр орчим цаг гишүүдээ хүлээсний эцэст хуралдсан. Бүлгийн эв нэгдэл хэр байгаа вэ. Нөгөө талдаа бүлгийн даргын асуудлаа хэрхэн шийдэх вэ?

-МАН-ын бүлэг 68 гишүүнтэй. Нэг гишүүнийг намаас гарсанд тооцох тухай шийдвэрээ намын ХЕХ-ноос бүлэгт ирүүлсэн гэсэн. Гэхдээ үүнийг УИХ-д танилцуулаагүй учраас Б.Энхбаяр гишүүний хувьд бүлэгтээ байгаа гэж үзэж байгаа. Ийнхүү эл 68 гишүүнээс 37 нь гарын үсэг зураад Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөлж, оронд нь Ж.Батжаргалыг томилсон. Өөрөөр хэлбэл, ардчилсан парламент олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой. Гэхдээ олонхын шийдвэрийг цөөнх нь дагадаг. Нөгөө талдаа цөөнхөө ч хүндэтгэдэг. Гэтэл олонх нь буюу 37 нь гарын үсэг зураад бүлгийн даргаа шинээр сонгочихсон байгаа шүү дээ. Бүлгийн дарга тов тогтооно гээд дүрэм дээр байгаа. Гэхдээ бүлгийн гишүүдийн олонх нь шаардаад, ээлжит бус хурлаа хийсэн. Тиймээс Ж.Бат-Эрдэнэ гишүүн маань олонхын саналаа хүндэтгээд бүлгийн даргынхаа ажлаа хүлээлгэж өгөх байх гэж найдаж байна. Гэхдээ олонх гээд дарангуйлаад байсан зүйлгүй. Цөөнхөө хүндэтгэж ажиллах ёстой.

Нөгөө талдаа эв нэгдэл юун дээр тогтдог вэ. Эв нэгдэл шударга ёс дээр тогтоно. Шударга ёс дотоод ардчилал дээр тогтоно. Үүнийг МАН үзэл баримтлал, үндсэн дүрэм дээрээ заагаад өгчихсөн. Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэсэн дараалалтай гэсэн үг шүү дээ. Эрх чөлөө гэдэг нь дотоод ардчиллыг хэлж байгаа хэрэг. Дарга бүхнийг шийддэг биш олонхын зарчмаар шийддэг тогтолцоон дээр чөлөөтэй үгээ хэлэх, дотоод ардчилалтай байх, нэр дэвших, сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ гэсэн үг. Ийм дарааллаар явах ёстой учраас бүлгийн даргын асуудал хурдан шийдэгдэх байх гэж найдаж байна. Ж.Бат-Эрдэнэ дарга маань парламентад гурван удаа сонгогдсон туршлагатай төрийн түшээгийн хувьд олонхын саналаа хүндэтгэн, ноён нуруутай шийдвэр гаргах байх гэж итгэж байгаа.

-Та найдаж байна гэж байна. Гэхдээ Ж.Бат-Эрдэнэ даргын хувьд бүлэг албан ёсны нэг л даргатай, тамга тэмдэг нь надад байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм биш үү?

-Ж.Бат-Эрдэнэ дарга ярилцъя, уулзалт хийе зэргээр байр сууриа тодорхой илэрхийлээд байгаа шүү дээ. Миний л үзэл бодол л доо. Ойлголцъё, тохиролцъё гэдэг нь тийм ч оновчтой зүйл биш шүү дээ. Юуны тулд хууль, намын үндсэн дүрэм гэж зүйл байгаа юм. Дүрмийнхээ хүрээнд асуудлуудаа шийдээд явах ёстой. Тэрнээс биш хэдхэн дарга нар хоорондоо уулзаад тохиролцоод явна гэдэг зүйл байж болохгүй. Хэрэв ийм байдлаар асуудлыг шийдвэр эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэсэн зарчим чинь өөрөө алдагдана шүү дээ. Тиймээс энэ асуудлыг дотоод ардчиллаараа ний нуугүй ярилцаад, шуурхай нэрээ дэвшүүлээд шийдэх ёстой гэж бодож байна.

-Улс төрд өрнөж буй үйл явцыг эрх мэдлийн төлөө бие биеийнхээ хулгайг ээлж дараалан илчилж байна уу гэж харагдаад байна. Үнэхээр танай нам ийм их хулгайг "дарж" явсан юм уу. Зарим гишүүдийн хэлж байгаа шиг нүүрсний сериал хулгайд холбогдчихсон яваа хэрэг үү?

-Эрх мэдлийн төлөө өрсөлдөөд хулгайн асуудлыг гаргаж ярьж байна гэж харах нь өрөөсгөл. Өмнө хэлсэнчлэн эрх мэдэлтэй хүмүүс энэ олон их наядын гэрээг хийж чадна. Энгийн иргэн энэ гэрээг хийж чадахгүй. Тиймээс хулгайг тойрсон, олон түмний болоод нүүрсний бизнес эрхлэгчдийн дунд удтал яригдсан, хууль хяналтын байгууллагаар нэр заан шалгагдаж байгаа болон өмнө нь энэ асуудлаар гэм буруу нь тогтоогдож, ял эдэлж байгаа хүмүүстэй холбоотой зүйлийг нэг мөр гаргаж, асуудал хэрхэн эхэлж, яаж өрнөснийг ил тод мэдээлэх зайлшгүй шаардлагатай. Нэг хэсэг нь эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө, нөгөө хэсэг нь хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа асуудалд эцсийн цэг тавих ёстой гэж бодож байгаа. Би өөрөө орон нутагт ажиллаж амьдарч байгаад ирсэн хүн. Орон нутгийн иргэдийн хүсэж хүлээдэг зүйлийн нэг нь баялгийн хуваарилалтыг ард түмэндээ үнэн зөв, тэгш хүртээх явдал. Тэр бүү хэл байгалийн баялгийг ашиглаж байгаа бүх уул уурхай, газрын тосны компаниуд бүх худалдан авалтаа нээлттэй зохион байгуулах ёстой. Үүнд орон нутгийн ААН, компаниуд орж өрсөлдөөд, тодорхой ажлуудыг нь авч гүйцэтгэдэг эрх зүйн боломжийг нь нээж өгөх ёстой. Хэдийгээр төрийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамаатахгүй ч гэсэн үүнийг Үндсэн хуульд заасан нийтийн өмч гэдэг агуулгаар нь хамруулаад өгөөч гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, оффтейк гэрээг ил болголоо гэдгийн адилаар байгалийн баялгийг ашиглахтай холбоотой бүх зүйлийг нээлттэй болгож, ард иргэддээ бизнес хийх боломжийг олгож өгөх хэрэгтэй. Энэ чиглэл дэх саналыг өгөөд явж байгаа. Ингэж байж л хулгай байсан эсэх, цаашид энэ асуудлыг хэрхэн зөв голдирлоор явуулах зэргийг шийдэх боломжтой болно.

-ХЕХ-ноос "Б.Энхбаярын асуудлыг бид олонхоороо шийдсэн" гэдэг хариуг ирүүлсэн. Гэхдээ намын үндсэн дүрмийг зөрчсөн энэ шийдвэр хүчингүй болох ёстой -

-Та З.Мэндсайхан нарын гишүүдтэй цуг мэдээлэл хийж, Б.Энхбаярыг намаас гарсанд тооцох тухай ХЕХ-ны шийдвэрийг эсэргүүцсэн. Улмаар ХЕХ-г шийдвэрээ эргэн харахгүй бол намаас гарах хүртэл арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Хяналтын Ерөнхий хороонд тавьсан шаардлагаа бичгээр хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт бичгийн хариу ирсэн байсан. Энэ асуудал нь Улс төрийн намын тухай хууль болон МАН-ын дүрмийг илтэд зөрчсөн гэж үзээд бид тухайн байр суурийг илэрхийлсэн. Нүүрсний хулгай тойрсон ийм асуудлууд байж болзошгүй гэдэг зүйлийг олон нийтэд мэдээлснийх нь төлөө, Б.Энхбаярыг худал мэдээлэл тараасан эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байхад энэ хүнд Үндсэн хууль болоод намын дүрмээр олгогдсон эрхийг зөрчиж, намаас хасах шийдвэр гаргасанд нь бид эгдүүцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид зөв зүйлийн төлөө шүгэл үлээж байгаа хүмүүсээ бид өмгөөлж хамгаалах ёстой. Өмнө намаас гарсанд тооцох шийдвэр олон хүн дээр гарч байсан. Тухайн шийдвэрүүд гарах үед бусад нь өмгөөлж, хамгаалаад үзэл бодлоо илэрхийлж байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Бидний хувьд зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа хүнийг яагаад чөлөөлж байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндсөн. ХЕХ-ноос "Бид олонхоороо шийдсэн" гэдэг л хариу ирсэн. Өөрөөр хэлбэл, ХЕХ-ны арав гаруй гишүүдийн нууц санал хураалтаар шийдсэн. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэхгүй бол бид намын бүлгээс гарах, цаашлаад намаас гарах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Шүгэл үлээж буй гишүүнээ намын эрх мэдлээр дарангуйлж, намаас гаргах шийдвэр гаргаж болох юм уу. Хэн эрх мэдэлтэй нь хөөж туугаад байж болох юм уу. Цаашид дарангуйлал тогтоохгүй байхад чиглэсэн шаардлагыг бид хүргүүлж байгаа шүү дээ. Улс төрийн намын тухай хууль, намын үндсэн дүрмийг зөрчсөн энэ шийдвэр хүчингүй болно гэдэгт бид итгэлтэй байгаа. Угаас хүчингүй болох ёстой. Үнэн мөн нь удахгүй тогтоогдох байх гэдэгт итгэлтэй байна.

-ХЕХ-ноос "Бид олонхоороо шийдсэн" гэх хариуг ирүүлсэн гэж байна. Энэ хариунаас харахад, ХЕХ чинь шийдвэрээ хамгаалах талдаа байгаа юм биш үү?

-Тийм ээ. Хамгаалах талдаа байгаа. Өөрөөр хэлбэл, яг тодорхой ийм дүрмийг зөрчсөн учраас намаас гарсанд тооцсон гэх зүйл байхгүй байгаа юм. Тиймээс л бид энэ асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлээд байгаа юм. МАН-ын Их хурал удахгүй хуралдана. Эндээс ХЕХ шинээр байгуулагдана. ХЕХ чинь хугацаатай байгуулагддаг шүү дээ. Буруу шийдвэрийг дараагийнх нь залруулаад л явдаг шүү дээ. Албан тушаалтнаас хамаарсан зүйл биш гагцхүү хууль, намын дүрэм мөрдөөд явбал асуудал гарахгүй. Яагаад заавал ХЗДХ-ийн сайдаар томилно гэж мэдэгдсэн өдөр нь намаас хөөчхөж байгаа юм. Өмнө удаа дараа намын албан тушаалтны эсрэг гүтгэлэг тараасан юм бол яагаад тэр үед нь хөөгөөгүй юм. Яагаад сайд болъё, нүүрсний хулгайтай тэмцье гэхээр нь энэ хүнийг намаас хөөгөөд байгаа юм. Логикийн хувьд харсан ч маш ойлгомжтой асуудал байгаа биз дээ. Тиймээс бидний шаардлага эрүүл, зөв шаардлага гэдэгт итгэлтэй байгаа. Тодорхой цаг хугацааны аясаар энэ бүхэн нотлогдоно гэдэгт ч итгэлтэй байна. Үнэн удаан ч гэсэн тодорч гардаг юм шүү.

-Жалга, довны өнцгөөр "Дорнодын гаралтай улстөрчдийг намаас хөөж байна" гэж хэлээгүй-

-Эл мэдээллийнхээ үеэр та нэг сонирхолтой өнцгийг гаргасан. Тодруулбал, Дорнод аймгийн гаралтай намын гишүүд намаас хөөхтэй холбоотой шийдвэрт удаа дараа өртөж байна гэх агуулга. Та яагаад энэ агуулгыг хөндөх болсон юм бэ?

-Аравдугаар сарын 2-ны өдөр байсан. Дорнод аймгийн уугуул, буриад хөвүүн Санжаасүрэнгийн Зориг агсан бусдын гарт амиа алдсан хар өдөр шүү дээ. Тэр өдөр би хэвлэл мэдээллийн байгууллагаас энэ мэдээг сонссон. Тэр үед яагаад заавал энэ өдөр ийм шийдвэр гарч байгаа юм бол, яагаад Дорнодын гаралтай гишүүдийг намаас хөөхтэй холбоотой шийдвэр рүү "түлхдэг" юм бол гэж бодогдсон юм л даа. Н.Номтойбаяр намаас хөөсөн. "Шарк" Д.Энхтүвшинийг өнгөрсөн жил намаас хөөх тухай асуудал яригдсан. Дорнодын уугуул Б.Энхбаярыг намаас хөөсөн. Тэр бүү хэл намайг Дорнод аймгийн МАН-ын хороон даргаар ажиллаж байх үед огцруулах шийдвэрийг манай намын ХЕХ тухайн үед гаргаж байсан. Арай ч намаас хөөгөөгүй. Яагаад ийм шударга, зөв зүйлийн төлөө дугарсан, хууль сахиулахыг сануулсан хүмүүсийг яагаад намын дарангуйлал маягаар хөөгөөд байдаг юм бэ гэдэг агуулгыг л хөндсөн юм. Үүнийг илэрхийлэх эрхтэй гэж би бодож байна. Учир нь би Дорнод аймгийн МАН-ын даргын албан тушаалтай. Тиймээс Дорнод аймгийн уугуул хүмүүсийн төлөө дуугарах ёстой л гэж бодож байгаа юм. Түүнээс биш жалга довны үүднээс хэлсэн зүйл биш шүү.

-Ярилцлагын төгсгөлд парламентын үйл ажиллагааг цаашид хэрхэн хэвийн явуулах тал дээр таны байр суурийг сонсъё. Байнгын хорооны үйл ажиллагаа хоёр долоо хоногийн хугацаанд доголдсон. Чуулган дээр төсвөөс гадна маш олон хуулийн төслүүд хүлээлгэд байна. Тэгэхээр бид улстөржилтөө цэгцлээд, ажлаа урагшлуулах ёстой байна шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Тиймээс нүүрсний хулгайтай тэмцье гэж мэдэгдсэн Ерөнхий сайд түүний Засгийн газрыг огцруулна гэдэг байж болохгүй зүйл. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг зөрчиж, өөр саналын томьёоллоор санал хураалт явагдсан гэдэг байр сууриндаа бид үнэнч байгаа. Ерөнхийлөгч хугацаа алдахгүйгээр хориг тавилаа. ҮХЦ-ийн их суудлын хуралдаан Лхагва гарагт зарлагдсан. Тэгэхээр чуулган яаралтай хуралдаж, хоригоо хэлэлцэх ёстой. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж албан тушаалтны шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасан байдаг. Хэн ч, юу ч гэж тайлбарласан энэ бол Үндсэн хуулиар цагаан дээр хараар биччихсэн зохицуулалт. Энэ долоо хоногтоо энэ асуудлууд цэгцрээд явна байх гэж найдаж байна.

Ярилцсанд баярлалаа

Улаанбаатарт -2 хэм хүйтэн
Улаанбаатарт -2 хэм хүйтэн
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.