Өнөөдөр 09.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эцэслэхээр төлөвлөөд байгаа юм.
Сануулахад, УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайдыг огцруулах бичгийг санаачилж, нэр бүхий 50 гаруй гишүүн гарын үсэг зурж дэмжсэнээр УИХ-д энэ сарын 7-нд өргөн мэдүүлсэн байдаг. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дээрх асуудлыг 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ гэж хуульчилсан байна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 101 дүгээр зүйл. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх
101.1. Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
101.2. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
101.3. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
101.4. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
101.5. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
101.6. Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
101.7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
101.8. Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.