УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цугларснаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдан, УИХ-аар хэлэлцүүлэхээр тов тогтоосон юм.
Энэ дагуу өчигдөр өглөө /10.16/ 09.00 цагаас эхэлсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй билээ.
Тэгвэл пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх байсан ч зарим гишүүд "Хууль бус санал хураалт явуулах гэж байна" гэж үзэн, чуулганыг хуралдаанд орж ирэлгүй бойкот хийсэн. Харин эцэст нь өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулахад, гишүүдийн олонх буюу 71 нь дэмжсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулж, түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо.
Мөн тогтоолын төсөл батлагдсан тул дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол Г.Занданшатар Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэх юм.