Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮҮНИЙ ТУХАЙ: Зургаадугаар ангийн бяцхан ТАТАР-чуудын ХИП ХОП хамтлаг байгуулах мөрөөдлийг хүндэтгэж, амжилтын замд хөтөлсөн АНГИЙН БАГШ Б.СОНОМБАЛЖИР

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 53 секунд

Багш нарын баярыг тохиолдуулан ахмад багш Б.Сономбалжирыг UBN сайт онцолж байна. Түүнийг ТАТАР хамтлагийнхны мөрөөдлийг хамгийн ихээр дэмжиж, хамтдаа спонсор хайж, хамгийн анхны тоглолтынх тасалбарыг зарж, өнөөдрийн ТАТАР-ыг бий болоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн гэдгээр нь ТАТАР-ын фенүүд эчнээ танина.

ЕБС-ийн дунд ангийн дөрвөн дэрсхэн хөвгүүн ХИП ХОП хамтлаг байгуулах тухай ярьж, өргөн өмд, том цамц, саравчтай малгайгаар гангарч эхлэхэд ангийн багш Б.Сономбалжираас нь өөр нэг ч хүн дэмжээгүй гэдэг. Товчхондоо бол тэр тэдэнтэй хамт мөрөөдөж, итгэл найдвар, урагшлах хүч нь болж зогсолтгүй дэмжсэний хүчинд ТАТАР хамтлаг тайзнаа гарч, өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн байна.

Хэдийгээр тэд өнөөдөр урлагийн тогоонд 20-иод жил "чанагдаж" яваа залуус боловч багшийнхаа хувьд "Од болно оо" гэж ярьдаг бяцхан шавь нар хэвээрээ.

ТАТАР ХАМТЛАГИЙН ГИШҮҮН Д.МӨНХЧУЛУУНТАТАР: -Манай арван жилийн ангийн багш биднийг хамгийн их хамгаалж, хамаг чадлаараа дэмждэг байсан. Биднийг зодуулж байхад урдуур маань орж зодуулдаг тийм багш байсан. Өөр багштай байсан бол бид нар ХИП ХОП-ыг орхих байсан байх аа.

Б.Сономбалжир:

-Таны шавь нар тодруулж хэлбэл ТАТАР хамтлагийнхан багадаа ямар хүүхдүүд байв. Таныг маш их дэмждэг байсан гэсэн. Тэр цаг мөчийг хоёулаа эргээд дурсья?

-Миний хүүхдүүд мөрөөдөлтэй байсан. Мөрөөдөл гэдэг жигүүрээр өнөөдөр амжилтад хүрсэн гэж би бодож байна. Надад өгсөн амлалтаа аль хэдийн биелүүлсэн. Анх хөгжим сонирхоод эхлэхэд нь ангийн багшийн хувьд "Амжилтад хүрэхгүй бол дэмий. Маш олон хүүхэд сагс волейбол дуу хуур гэж явж байгаад хаячихдаг. Тэгэх юм бол дэмий" гэж би Д.Батзаяад хэлж байсан. Тэгэхэд манай Д.Батзаяа зургаадугаар ангийн хүүхэд "Багш аа би од болно. Би чадна" гэж хэлж байсан. Би хүүхдүүддээ итгэсэн. Өөрийнхөө чадлын хэрээр дэмждэг байсан. Хамгийн анхны тоглолтыг нь хичээл орох гэж байсан ангийнхаа хүүхдүүдтэй очиж, үзээд дэмжиж байсан.

-Та шавь нарынхаа дуунуудыг хэр их сонсдог вэ. Таны насны хүмүүс ХИП ХОП дуу сонсох нь ховор байдаг шүү дээ?

-Мэдээж миний үеийнхэн сонсох нь ховор. Гэхдээ би бүх дууг нь шимтэж сонсдог. Бороо, Бусдын хайрыг хүндэл гэдэг дуунуудад нь хамгийн их дуртай.

-Таныг тоглолтынх нь билетийг хүртэл зардаг байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Үнэн. Гэхдээ би билет зарахаасаа өмнө хамтдаа спонсор хайгаад хэдэн хүүхдүүдээ дагуулаад явдаг байсан. Сургуулийнхаа ойролцоо байдаг компаниудаар ороход хэн ч дэмжээгүй учраас Ч.Жаргалсайханд багш нь менежер биш юм байна аа. Та нар хүн олох хэрэгтэй" гэж хэлж байсан.

-Та шавь нартаа өөр ямар дэмжлэгүүдийг үзүүлдэг байсан бэ. Д.Мөнхчулуунтатар хэлэхдээ, "Биднийг зодуулж байхад урдуур маань орж зодуулдаг тийм багш байсан" гэж ярьсан?

-Ний нуугүй хэлэхэд хичээл дээр формоо өмсөхгүй, бүдүүн өмд, малгайтай суудаг байсан учраас багш нар дургүй байсан. Би харин зөвшөөрдөг байсан. Миний хичээл дээр малгайтай сууж байгаад дараагийн хичээл дээр малгайгаа авахаа мартчихаар багш нар уурлаж, зэмлэнэ. Намайг дуудна. Би зарим багш нарт нь "За яахав дээ. Малгайтай суухад яах вэ дээ. Чиний хичээлд саад болдоггүй биз дээ" гээд л учирлаж хэлдэг байсан. Яагаад гэвэл би стиль имижийн эвдэхийг хүсдэггүй байсан юм. Тэгж байж тэдний онгод ордог ч юм уу. Тэгж байж тэд улам баттай урагшилж дэвшдэг ч юм уу бид мэдэхгүй шүү дээ. Товчхондоо бол стиль имижээс нь эхлээд л бяцхан дэмждэг байсан. Гэхдээ миний чадал хүч гэж юу байхав дээ. Дээрээ би чинь олон даргатай. Эрхлэгч, захирлаас эхлээд л "Танай тэр чинь тэгж байна. Энэ чинь ингэж байна" гээд л эхэлнэ шүү дээ. Тэр болгонд нь заримдаа сайдаж, муудаад, заримдаа учирлаж хэлээд явдаг л байсан. Тэгж их "овойж, оцойтол" дэмжээгүй ч өөрийнхөө хэмжээнд чадлаараа дэмжихийг хүсдэг байсан.

Анх шинэ хамтлаг тодруулах уралдаанд түрүүлэхэд нь би хамт байсан. Тэр үед хөтлөгч "ТАТАР хамтлагийн ахлагч Д.Батзаяа гээд зарлахад, далан дээрээ эргэж гарч ирээд босох хоорондоо намайг хайгаад өндөлзөж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Тэр үед би өөрийн эрхгүй баярлаад куртка эргүүлээд хашгирч байсан юм. Өлгүүрний нарийн хэсгээс нь бариад эргүүлчихсэн болохоор миний гар мэдээгүй болтлоо чангарчихсан байсан. Би маш удаан оролдож байж эрчлээсийн гаргасан байдаг юм.

-Тав, зургаадугаар ангийн хүүхдүүд "Багш аа бид нар хамтлаг болмоор байна аа" гээд ирэхэд та яаж хүлээж авсан байдаг юм бэ. Яагаад бас дэмжих болсон юм бол оо?

-15, 16 ч хүрээгүй жаахан хүүхдүүд шүү дээ. Тэд ирээдүйн зорилгоо тодорхойлоод том мөрөөдөж байна шүү дээ. Тэднийг ангийн багшийнх нь хувьд би дэмжихгүй бол хэн дэмжих юм бэ. Тухайн үед тэдэнд надаас өөр туслах, тулах хүн байгаагүй. Бидний үед ангийн багш гэдэг хүн ардын хүүхдийн хүмүүжлийг хариуцдаг байсан. Тэр утгаараа тэднийг дэмжиж, зөв зүгт чиглүүлэх миний үүрэг гэж бодож, хүлээж авсан. Хамгийн гол нь би тэдэнд итгэж байсан.

-Та тэр үед өнөөдрийн энэ амжилтыг төсөөлж байсан болов уу?

-Би нэгдүгээрт найдаж байсан. Хоёрдугаарт надад тууштай байдал ажиглагдсан. Өнөөдрийн энэ хэмжээнд хүрнэ гэж төсөөлсөн гэж хэлэхгүй ч амжилт гаргана гэдэгт нь эргэлзээгүй. Учир нь тэдний хамгийн том мөрөөдөл нь тэр байсан юм.

-Яг энэ цаг мөчид шавь нартаа хандаж юу хэлмээр байна?

-Мөрөөдөл бол агуу. Мөрөөдөл хөгждөг, хувьсдаг, өөрчлөгддөг. Тийм учраас мөрөөдөл гэдэг даль жигүүрээр улам дэвж, цаашдынхаа зорилгод хүрч амжилттай сайхан байгаарай гэж хэлмээр байна. Миний хүүхдүүд чадна. Би итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Энхбаяр: Хууль зүйн сайдын ажлаа авсны дараа улс төрийн дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ
Б.Энхбаяр: Хууль зүйн сайдын ажлаа авсны дараа улс төрийн дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.