
Монголын цахим хэвлэл мэдээллийн салбарын манлайлагч 4 редакц болох iToim.mn, Ubn.mn, Graph.mn, Pluma.media хамтран хиймэл оюун ухаант уншигчийн туслах үйлчилгээг нэвтрүүллээ.
Ask Voyager AI Assistant нь AI-н тусламжтай таны уншиж буй мэдээ, нийтлэл, контентын агуулгын талаар баталгаатай эх сурвалж бүхий баримт, нотолгоонд суурилсан илүү өргөн цар хүрээтэй мэдээлэл, өөр өнцгүүд, шинэ мэдлэгийг санал болгох юм.
UBN сайтын эрхлэгч Г.Лхагвадорж, Технологийн дэвшил биднийг өнөөдөрт биш ирээдүй рүү чиглэх ёстойг цаг, минут тутамдаа сануулж байна. Монголын сэтгүүл зүйд шинэ тутам хөгжиж буй цахим сэтгүүл зүйг дахин өөр түвшинд хүргэхийн тулд зайлшгүй AI, технологийн ухаалаг шийдлийг ашиглах ёстой. Бидний уншигч, хэрэглэгчид ч энэ дэвшлийг улам бүр ухаалгаар, бас соргогоор ашиглаж байна. Тиймээс "Ask Voyager AI Assistant" үйлчилгээг Ubn.mn, iToim.mn, Graph.mn болон Pluma.media хамтран Монголын цахим сэтгүүл зүйд анхлан албан ёсоор ашиглаж эхэллээ. AI технологийн дэвшил бол цахим сэтгүүл зүйн ирээдүйн шинэ хэв маяг” гэсэн юм.

Цахим хэвлэл мэдээллийн уншигчдад мэдээлэл хүлээн авах шинэ соёл, мэдээллийн илүү хариуцлагатай хэрэглээг түгээх зорилготой энэхүү үйлчилгээг Монголын Voyager AGI стартап компани хөгжүүлж, сэтгүүлзүйн салбарт нэвтрүүлсэн байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
- Уншигчид: Сайтад нийтлэгдсэн контентыг унших явцдаа AI-аас баталгаатай эх сурвалжид тулгуурласан илүү дэлгэрэнгүй мэдээлэл, дүгнэлт, тоо баримт авах.
- Хэвлэл мэдээллийн редакц: Контентын үнэ цэнийг нэмэгдүүлж, уншигчийн оролцоог өсгөх.
- Иргэд, олон нийт: Баримтад суурилсан мэдээлэлд тулгуурлан нийгмийн асуудлыг илүү өргөн хүрээнд ойлгох боломжтой болох юм.
Voyager AGI компанийн Гүйцэтгэх захирал Ц.Чандмань-Эрдэнэ энэ талаар “Монголын цахим хэвлэл мэдээллийн орчинд AI шийдлийг ийнхүү нэвтрүүлснээр мэдээллийн ил тод байдал, уншигчдын оролцоог дараагийн түвшинд хүргэнэ гэж бид итгэж байна. Бидний шийдэл мэдээлэл хүлээн авах соёлыг өөрчлөөд зогсохгүй, мэдээллийн эрүүл ахуйг сайжруулж, иргэдийн мэдэх эрхийг хангах нэг чухал хөшүүрэг болж чадна гэж найдаж байна” гэж онцоллоо.

Ask Voyager AI Assistant нь цаашид олон нийтэд хүртээмжтэй “Public Credit” загвар болон төрийн нээлттэй өгөгдлийн аналитик “Voyager Transparency” үйлчилгээг нэвтрүүлж хэвлэл мэдээллийн салбарын бизнесийн тогтвортой санхүүжилтийн шинэ боломжуудыг нээхээр зорьж байна.
Уншигч та энэхүү үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг iToim.mn-д байршсан UBN AI туслахаас асуух боломжтой.