Дэлхийн хамгийн үнэтэй амны хаалт 1.5 сая ам.долларын үнэтэй. Өнгөрсөн наймдугаар сарын АНУ-ийн Лос Анжелес хотод амьдардаг Хятадын бизнесмен, үнэт эдлэл цуглуулагч дэлхийн хамгийн үнэтэй маскыг захиалж хийлгүүлжээ. Энэхүү маск нь Израилийн үнэт эдлэлийн брэнд болох Yvel –ийн бүтээл юм. Захиалагч болон Yvel брэнд 2008 оноос хойш холбоотой ажиллаж байгаа аж.
Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Исаак Леви захиалгыг авсан даруйдаа ажилдаа оржээ.
Тэрбээр “Захиалагч маань надад “Чамд маш их шуугиан дагуулах бүтээл хийх даалгавар” өгье гэж анх хэлсэн. Мастер дархны ур ухаан, үнэнч үйлчлүүлэгч нэгдэж бидэнд өнөөдрийн амжилт ирлээ. Бидний өмнө хийж байсан ажлуудаас онцгой байсан зүйл нь үнэт эдлэл төдийгүй хамгаалалтын элемент орсон явдал байлаа. Захиалагч маань цуглуулагч учраас энэ маскаа цуглуулгадаа хадгалах байх. Магадгүй хэрэглэж ч болох юм. Эсвэл бусад цуглуулгынхаа адил үнэд хүргэж худалдахгүй гэх аргагүй. Гэхдээ дэлгүүр орохоор явахдаа зүүхгүй гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Захиалагч гурван шаардлага тавьжээ. Ингэхдээ:
- АНУ, Европын Хүнс эм, эмнэлгийн хэрэгслийн халдвар хамгааллын N99 стандартад нийцсэн байх.
- 12 дугаар сарын 31-ээс өмнө захиалгаа хүлээн авах
- Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалалтын маск байх
Исаак Леви “Эдгээр шаардлагын хамгийн сүүлийнхийг нь биелүүлэх л амархан байлаа” хэмээн хэлжээ. Үүнээс гадна тулгарсан бас нэг бэрхшээл бол үнэт эдлэл бүхий маскийг хэрэглэхэд амар байх зохицуулалт. Гэвч тэрбээр “Аливаа ажил хийхэд саад бэрхшээлгүй бол энэ нь хөгжилтэй биш байх болно” гэжээ. Леви энэхүү бүтээлээ “Ханукагийн гайхамшиг” гэж нэрлэжээ.
Тус маскны захиалга нь Израйл, АНУ-д байрладаг Yvel брэндийн 150 ажилчид цар тахлын үед доголдолгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Yvel –ийн ажилчдын 90 орчим хувь нь 23 орны цагаачид байдаг аж.
Энэхүү маскны орцод 250 грамм 18 кратын алт, 3608 ширхэг байгалийн хар, цагаан очир эрдэнэ оржээ. Жин нь 210 крат буюу ойролцоогоор 420 грамм орчим жинтэй аж. Маскны дотор талд N99 шүүлтүүр хийж, сольж байхаар бүтээжээ. Энэ нь зөвхөн халдвараас хамгаалаад зогсохгүй нүд гялбам урлагийн бүтээл юм. Урчууд энэ төсөл дээр гурван сарын турш ажиллажээ.
Yvel бол байгалийн ховор сувд, очир эрдэнийг дахин давтагдашгүй бүтээл болгодог 35 жилийн туршлагатай брэнд бөгөөд Ирусалимд цагаачдад зориулсан урчуудын сургуулийг ажиллуулдаг байна.
Цар тахлын үед үйлдвэрлэлээ хэвийн явуулж, ажилчдынхаа цалинг тавих гэж захиалга хайж АНУ-ыг зорьж байсан Леви “Энэ хүнд үед орж ирсэн захиалга бүр биднийг амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж байна” хэмээн хэлж байсан юм.