Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2020.12.16/ өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймаг болон Улаанбаатар хотод Улсын нөөцөөс үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр боллоо.
Нийт 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3,800 тн өвс, 1,900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Дээрх аймгуудын 72 суманд зуд болох эрсдэл хамгийн их байгаа бөгөөд 45 орчим мянган өрхийн 18,5 сая мал өвөлжихөөс 8,000 өрх, 4,3 сая мал оторлож байна. Гантай, гандуу байсан аймгуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүй, отор, нүүдэл хийж туйлдсан, өвс, тэжээлийн нөөц муу, үнэ өндөр байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлсэн гэж Улсын онцгой комисс үзжээ.
Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим сум, отрын малчдад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Ингэснээр 40 орчим мянган өрх буюу нэг өрх 300 орчим мянган төгрөгийн тэжээлийн тусламж авах юм. Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлж өвс, тэжээлийн гаалийн болон НӨАТ-ыг тэглэсэн. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа малын гаралтай өвс, тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн борлуулалтаас авдаг НӨАТ-ыг чөлөөлөх хууль батлуулан хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.