Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Бат-Амгалан: “Жин нэмээд, бондгор болсон байна” гэж их олон хүн хэлсэн. Тоглолтын өмнө фитнессд явж, жин хассан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 7 секунд

Дуучин П.Баярцэнгэлийн “Хайр эзэнтэй” тоглолтод оролцож, эргэн эрэлтээ зарласан "CRUSH BASH" хамтлагийн ахлагч Батука буюу Х.Бат-Амгалантай ярилцлаа. Тэд энэ ондоо багтаан 2 ч шинэ уран бүтээлийг сонсогчдын хүртээл болгохоор зэхэж буй аж.

-CRUSH BASH хамтлагийнхан дахин нэгдэж, тайзнаа гарлаа сэтгэгдлээсээ хуваалцаач?

-П.Баярцэнгэл бидэнтэй холбогдож, “Зул сар” гэдэг дуугаа хамт дуулах санал тавьсан. Саналыг таван гишүүн хоорондоо ярилцаад, ар гэрийн ажил, цаг заваа харж байгаад гурвуулаа (Х.Бат-Амгалан, Б.Золжаргал, Б.Азжаргал) тоглолтод оролцсон. Баярцэнгэлийн “Хайр эзэнтэй” тоглолтод оролцсоноор хамтлагаараа 12 жилийн дараа тайзан дээр гарсан. Айдас, догдлол маш олон мэдрэмж холилдсон гайхалтай цаг мөч байсан гэдгийг энэ цаг мөчид онцолж хэлмээр байна.

Цэнгэлдэх дүүрэн үзэгчид үнэхээр сайхан хүлээж авсан тул сандрал байхгүй болж, аз жаргалтай 10 минутыг өнгөрүүлсэн.

Манай хамтлаг 2010 онд байгуулагдаж, анхны клипээ цацсанаас хойш 3–4 жилийн хугацаанд нийт зургаан клип гаргасан.

- Гэнэт ийм санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж эргэлзэж байсан. Бараг долоо хоног ярилцсан байх. Оролцох шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн зүйл нь бидэнд нэг ажил дутуу үлдсэн мэт мэдрэмж төрсөн. Бас залуу насны гал, дөл мөрөөдөл эргээд орж ирэх шиг болсон. Эхэндээ бол П.Баярцэнгэлийн тоглолтыг хүндлээд, үзэгчдээ хүндлээд тайзан дээр гарах шийдвэр гаргасан. Тайзан дээр гарахын өмнө долоо хоногт 2–3 өдөр бэлтгэл хийж, бүжгийн дэглэлт хүртэл шинээр хийсэн. Бүтэн сар шахуу бэлтгэл хийсний дараа тоглолтын өмнөхөн гурвуулаа ярилцаад, “Дуусгаагүй ажлаа үргэлжлүүлье” гэж шийдсэн.

-Тэгэхээр одоо цаашдын зорилго тодорхой болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Одоогоор дараагийн уран бүтээлийн талаар ярилцаж байна. Шинэ дуунуудаа гаргах, хуучны дуунуудаа acoustic, live хувилбараар шинэчилж гаргах бодолтой байгаа. Энэ ондоо багтаж 2 шинэ уран бүтээл гаргахаар төлөвлөж байна.

–Таван гишүүнээс гурвуулаа тайзан дээр гарсан. Бусад хоёр гишүүн (Б.Билгүүн, О.Дөлгөөн) цаашдаа хамтлагийн уран бүтээлд оролцох уу?

-Б.Билгүүн, О.Дөлгөөн хоёр маань ажил, амьдрал гээд хувийн шалтгаанаар цаашдаа уран бүтээл хийх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ мэдээж биднийг дэмжээд хамдтаа явна. Бид шинэ гишүүн авах уу, 3 гишүүнтэй үргэлжлүүлэх үү гэдэг дээр зөвлөлдөөд 3-уулаа үргэлжлүүлэхээр шийдсэн.

–Танай хамтлагийг "Муудалцаад тарсан" гэх яриа тухайн үед гарч байсан санагдаж байна?

-Биднийг гарч ирж байхад сошиал сүлжээ хөгжөөгүй, дэмжигч байгууллага байгаагүй. Орлого, зарлагаа өөрсдөө зохицуулдаг байсан. Таван гишүүн гэдэг чинь таван өөр амьдрал гэсэн үг. Зөвхөн дуулаад түүгээрээ амьдралаа аваад явах боломж муу байсан. Ар гэрээс ч “Боловсролдоо анхаар, өөр ажил хий” гэсэн шаардлага байсан. Ингээд хамтлагаараа ярилцаад “Энэ хүртэл залуу насаа гоё дурсамжтай өнгөрөөлөө, одоо зогсоё” гэж шийдсэн. Хүмүүсийн боддог шиг мөнгө, маргаанаас болоогүй ээ.

-Дахин тайзан дээр гарсан хамтлагийг үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-UB Comedy-гийн Баяраа манай тухай хошигнол хийхэд үзэгчид манай дууг дагаж дуулж байсан. Энэ нь бидэнд маш гоё сэтгэгдэл төрүүлсэн. Тоглолтын сурталчилгаа цацагдахад ч хүмүүс маш эерэгээр хүлээж авсан. Тэр дэмжлэг биднийг илүү их хичээхэд хүргэсэн.

-10 жилийн дараа бүжиглэхэд ямар байсан бэ?

-Эхний долоо хоног маш хэцүү байсан. Багтраад, дасгал хөдөлгөөнд дасаагүй учир нэг нэгнээ шоолсоор хөгжилтэй өнгөрүүлсэн. Харин хэд хоногийн дараа хэвэндээ орсон. Тайзан дээр гарахаас илүү бэлтгэл хийх үеийн догдлол хамгийн гоё нь байсан.

-Таныг жин нэмсэн байна гэх сэтгэгдэл их олон харагдсан?

-Намайг “жин нэмээд бондгор болсон байна” гэж их олон хүн хэлсэн. Тоглолтын өмнө фитнессд явж, жин хассан. Урлагийн хүний хувьд гадаад үзэмж, амьдралын хэв маягтаа илүү анхаарч байгаа.

- Та хэзээнээс онгоцны үйлчлэгчээр ажилласан бэ?

-Хамтлаг тарсны дараа Airo Mongolia-д таван жил онгоцны үйлчлэгч хийсэн. Дараа нь 3–4 жил ахлах үйлчлэгч хийсэн. Энэ зун ажлаасаа гарч, өөрийгөө өөр зүйлд сорихоор шийдсэн. Одоо хувийн компанид менежерийн ажил хийхийн зэрэгцээ уран бүтээлдээ эргэн орсон.

- Шинэ уран бүтээлийн тухайд?

-Энэ ондоо багтааж нэгээс хоёр шинэ дуу заавал гаргана. Хуучны дуунуудаа шинэчилж, acoustic/live хувилбараар таниулах бодолтой байгаа. Томоор ярих юм бол дараа жилээс тоглолт хийхээр төлөвлөж байна. Бидний гарч ирсэн үеэс одоогийн нөхцөл байдал шал ондоо. Манай үеийн сонсогчид 25-аас дээш насанд хүрсэн. Харин шинэ үеийнхэн “ийм хамтлаг байсан юм уу” гэж их сонирхож байна. Тиймээс бид хуучны хэв маягаараа бус, орчин үеийн өнгө аяс, чиг хандлагатайгаар гарахаар зорьж байна.

Э.Ариунтөгс

Энэ долоо хоногт УИХ-аар юу хэлэлцэх вэ
Энэ долоо хоногт УИХ-аар юу хэлэлцэх вэ
 
БАЙР СУУРЬ: УИХ-ын 40,57-р тогтоол хэрэгжсэн үү гэх асуултад төрийн өндөрлөгөөр ажиллаж байсан улстөрчид ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ
БАЙР СУУРЬ: УИХ-ын 40,57-р тогтоол хэрэгжсэн үү гэх асуултад төрийн өндөрлөгөөр ажиллаж байсан улстөрчид ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.