Энэ онд 31 тэрбум төгрөгийг хүү, торгуулийн орлогоос бүрдүүлнэ гэж төсөвлөсөн. Харин ирэх оны төсөвт хүү, торгуулийн орлогыг 35 тэрбум төгрөгөөр тооцолсон байсан ч 24.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 71 хувиар нэмж төлөвлөжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар:
"Хүү, торгуулийн орлого гэдэг нь зөрчил, гэмт хэрэг буурна гэж тооцох ёстой. Гэтэл нэмэгдэнэ гээд төсөвлөчихсөн. Хууль зүйн сайд Нямбаатар зөрчлийн хуулийн дагуу гэмт хэрэг буурна гэж ярьж байгаа. Гэтэл ирэх жил 70 хувиар өснө гээд тавьсан байна. Энэ нь татвар төлөгчдөд шахалт үзүүлнэ гэсэн үг шүү дээ" гэжээ.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:
"Цагдаагийн албан хаагчдыг татварын байцаагч мэтээр татвар төвлөрүүл гэх ийм ачааг нуруун дээр нь үүрүүлж байна. Жишээ нь нэг цагдаа өдөрт 100 мянган төгрөгийн торгууль бичиж байж норм нь бүрдэх болоод байна" гэж мэдээлжээ.