Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайд улстөржилт хэрэггүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 36 секунд

Улс оронд хэрэгтэй, ашиг орлого авчрах, төсөв мөнгө нэмэх уул уурхайн том төсөл хөдөлгөх гэхээр л бөөн эсэргүүцэлтэй тулдаг. Хаанаас ч юм нэг эх оронч гарч ирээд, бөгс улаймаар элий балай юм яриад, хэдэн хүн эгнээндээ нэгтгээд л явчихдаг. Зарим нь ч буруу мэдээлэл аваад, түүндээ итгэдэг биз. Нөгөө талаасаа мөнгө төгрөг ч тараадаг байх. Яг ийм улстөржилт “Халзан бүрэгтэй” ордыг ч тойрсонгүй. Газрын ховор элемент гэж юу болох, юунд хэрэгтэй, ямар ач холбогдолтой, яаж олборлох гээд нарийн мэдээллийг мэдэхгүй, ойлголтгүй хүмүүс хар муйхраар л дайраад, хашгираад давхидаг. Уурхайд барьсан гэр барааг хүртэл эвдээд, нураагаад л явна. Хамгийн харамсалтай нь тэдэнд хариуцлага тооцдог хуулийн байгууллага ч гэж алга. Ямар сайндаа л төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшин аргаа барж “... газар дээрх болон Төрийн ордонд гарч байгаа шийдвэр тэс ондоо. “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст хариуцлага тооцохыг цагдаагийн газарт даалгасан байдаг. Гэтэл тавдугаар сарын дундуур Халзан бүрэгтэйд иргэд ирээд гэрийг нь буулгасан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ч тэгсэн. Маш их хэмжээний хохирол учирч байгаа. Хамгийн учир дутагдалтай нь үүний араас төрийн байгуулага арга хэмжээ авахгүй байна. Иргэд 10, 20, 100-гаараа ирээд гэр буулгаад хохирол учруулаад, хүн зодоод явдаг. Араас нь шүүх, цагдаа ажилладаггүй. Энэ нь иргэдийн буруу биш. Иргэд ирээд хөөгөөд, ачаад явуулчихаж болдог юм байна ойлгочихсон. Бид өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш 7, 8 гомдол өгсөн. Үүний 4, 5 нь л шийдэгдэх төдий байна…” гэж наадмын өмнө ярьсан байсан. Асуудал ердөө л энэ. УИХ, Засгийн газар хөрөнгө гаргаад, энэ ордыг ашиглая гэж төлөвлөөд, хайгуул судалгаа хийж байгаа бол яагаад хэдэн хүний эсэргүүцлийг давж чадахгүй байгаа юм.

Тэр дундаа Ховд зүгээс сонгогдсон улстөрчид ард иргэдэд таалагдах гээд баахан попордог. Яг л нэг байгаль дэлхийгээ аврах гэж байгаа аврагчийн дүрд тоглоод л эхэлнэ. Бүр өмнөх Засгийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд Ховд аймгийн иргэдийн иргэдийн санал гомдлыг сонссоны дараа Засгийн газрын хуралдаанаар “Халзан бүрэгтэй” ордын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан. Энэ бас л хачирхалтай шийдвэр. Төр гэдэг хэн нэгэн хүн биш, энэ бол тогтолцоо. Төр лицензээ өгөөд, ач холбогдолтой төсөл гэж үзээд явуулчихаад, дараа нь хэсэг хүн эсэргүүцлээ гээд түр түдгэлзүүллээ гээд байж болохгүй. Ховд аймгийн иргэд звөшөөрвөл хайгуул хийлгэнэ, дэмжихгүй бол зогсооно, болиулна Уул уурхайн сайд нь хүртэл хэлээд байж байдаг. Төслийг ач холбогдол, улс оронд ямар ашигтай, эх орны хөгжилд түлхэц болох гэх зэргээр нь ангилж, хэрэгжүүлэх ёстой болохоос биш иргэд эсэргүүцэх, зөвшөөрөхийн зааг дээр тогтоод байж болохгүй биз дээ. Яг иргэдийн зүгээс зөв шаардлага тавьж байна уу, эсвэл улстөржүүлээд, дундаас нь мөнгө цохиод байгаа хүмүүс үү гэдгийг ч тогтоож, ялгаж салгах л ёстой.

Монгол Улс уул уурхайд “шинэ тоглогч” биш. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш, уул уурхайгаар л мөнгө олж, энэ улс шат шатаар хөгжлийн төвшин ахиж байгаа. Оюутолгойн гэрээг байгуулсан нь нэг том туршлага өгсөн. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс гээд том том ордуудыг манай улс хөдөлгөж байна. Мэдээж алдсан, оносон зүйл бий л байх. Гэхдээ л манайх улам туршлагажиж байгаа гэсэн үг. Ерөнхий дүгнэлт нь Монгол Улс уул уурхайд бэлэн. Харин шинэ ашигт малтмал гараад ирэхээр л туршлагагүй, эсвэл хортой, нэг сайхан уул, нутаг ус энэ тэр гэсэн нийтлэг шалтгаанаар хойш нь тавиад байж болохгүй л дээ.

Ганц нэгхэн тоо харъя. Эрдэнэт, Оюутолгой, МАК, Тавантолгой тэргүүтэй уул уурхайн 10 компани 2010 онд нийлээд 1.5 их наяд төгрөгийн татвар улсад төлж байсан. 2011 онд 1.8, 2012 онд 1.3, 2013 онд 1.4 их наядын татвар төлж байжээ. Харин 2018 онд 2.8, 2019 онд 3.2 их наяд болж, татварынх хэмжээ нэмэгдсэн. Энэ бол зөвхөн татвар шүү. Өөр бусад хөрөнгө оруулалтаар энэ улсад яаж нөлөөлж байгааг тооцвол овоохон мөнгө болно. Тэгвэл 2024 онд “Эрдэнэс Тавантолгой” дангаараа 3.5 их наядын татвар төлчихсөн. “Эрдэнэт” 1.5, “Оюутолгой” 1.1, “Энержи ресурс” 600 тэрбумын татвар төлсөн гэсэн дүн гарсан. Томоохон уул уурхайн 6 компанийн татвар нийлээд 7.8 их наяд. Бас л аварга байгаа биз.

Манай улсад энэ мэт томоохон уурхай болчихоор ордууд олон бий. Тэдгээр ордуудын ашигт малтмалыг ашигтай байх үед олборлох хэрэгтэй. Газар дор байгаа тэр зүйл нь ашиггүй болчихвол зүгээр л нэг чулуу, шороо л болж хувирна. Тиймээс газрын ховор элемент ойрын таван жилийн дотор хамгийн эрэлт хэрэгцээтэй ашигт малтмалын нэг болох гээд байгаа юм. Одоогоор нүүрс, зэс, алттай харьцуулахад, багавтар орлого олно гэж тооцоод байгаа юм билээ. Гэхдээ 10, 15, 20 жилийн дараа нүүрс ямар ч үнэгүй болоод, газрын ховор элемент хамаагүй үнэтэй болбол яах билээ. Тиймээс бид газрын ховор элементийн салбарт дэлхийд нэг тоглогч болж орох цаг болсон. Улстөрчид ч гэсэн хоосон улстөржиж, сонгуулийн оноо авах гэж гүйдгээ боль. Харин яаж ашигтай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх вэ. Түүний үр өгөөж нь яаж орон нутагт эерэгээр нөлөөлөх талаар тооц, түүнийг ард иргэдэд ойлгуул.

ОБЕГ: Хоёр настай хүүхдийн цогцсыг явганаар явахад 9 км зайтай газраас олсон
ОБЕГ: Хоёр настай хүүхдийн цогцсыг явганаар явахад 9 км зайтай газраас олсон
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.