Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Дэлгэрсайхан: Төсвийн урсгал зардал энэ хурдаараа тэлээд байвал төсөвт бодлогын орон зай хумигдана

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
13 минут 28 секунд

Ирэх оны төсвийн төсөл болоод түүнд өгсөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийн талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа

-УИХ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлтээ танилцуулахдаа өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй боломжийн төсвийн төсөл орж ирсэн гэж дүгнэсэн байсан?

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирэх оны төсвийн төслийг харьцангуй ахиц дэвшил гарсан төсөв гэж дүгнэсэн. Мөн анхаарах ёстой зүйлсийг дүгнэлтэд тусгасан. Учир нь 2018 оноос хойш төсөв асар хурдацтайгаар тэлж ирсэн. Урсгал зардал ч мөн ялгаагүй тэлэлттэй явж ирсэн. Үүний хор уршиг нь Монгол Улсын төсвийн алдагдал болоод төрийн оролцоо, өр нэмэгдэх цаашилбал төсвийн ашигт байдал алдагдах зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгоно гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзэж буй юм. Энэ жилийн төсөвт ахиц гарсан гэж үзэж буй нь, төрийн оролцоотой холбоотой асуудал. Төсвийн зардал түүний ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурсан. Мөн өнгөрөгч хавар баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээс долоодугаар сард батлагдсан нэг удаагий шинж чанартай хуулийн дагуу төсвийн зарлагыг бууруулсан. Хэрэв та бүхэн санаж байгаа бол, 2024 оны төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь нь гүйцэтгэлээрээ 38 хувьд хүрчихсэн байсан. Мөн өмнөх жил дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсөв батлахтай холбоотойгоор өөрчилсөн. Тэр үед 2026 оны төлөвлөж буй төсвийн зарлага 37 гаруй их наяд төгрөг байхаар байсан. Үүнээс хойш хавар хууль өргөн барьж, төсвийн тодотгол хийсэнтэй холбоотойгоор Засгийн газраас энэ алдаа дутагдлуудыг засахад чиглэсэн төсвийг оруулж ирсэн.

Мөн эдийн засгийн таамаглалынхаа хувьд харьцангуй бодитой болгосон байна гэж үзсэн. ДНБ-ий өсөлтийг өнгөрөгч хавар төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирж байх үед 7 хувиар, төсвийн тодотголын үеэр 6 хувиар өснө гэж тооцож байсан бол 2025 оны суурь төсвийн ДНБ-ий өсөлтийг 5.6 хувь гэж оруулж ирсэн. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн таамаглаж буй түвшин болоод олон улсын байгууллагуудын таамаглалтай ойр оруулж ирсэн.

Мөн эрдсийн бүтээгдэхүүний үнэ дээрх зах зээлийнхээ үнийг мэдэрсэн, нөхцөл байдлаа ойлгосон, хөрсөндөө буусан төлөвлөлт хийсэн байна. Бодлогын түвшинд энэ мэт эерэг талууд байна.

-Энэ удаагийн төсвийн төсөл Монгол Улсыг хөгжүүлэх 2026-2030 оны 5 жилийн үндсэн чиглэл батлагдаагүй байхад хэлэлцэгдэж байна. Гэтэл энэ нь эргээд нь Үндсэн хууль болон Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг сулруулах нөхцөлийг бий болгож байгаа талаар дүгнэлтэд дурдсан байна лээ?

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн төсөлтэй холбогдуулан 47 дүгнэлт зөвлөмж өгсөн. Үүний 35 нь анхаарах ёстой болоод зайлшгүй сайжруулах шаардлагатай асуудлуудыг дурдсан байдаг. Үүний нэг гол зүйлийг та хөндлөө. Монгол Улс Үндсэн хууль болоод өөрийн гэсэн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн дараалал, хоорондын уялдаа холбоо гэж бий. Тиймээс Монгол Улсын төсвийн төсөл нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай нийцтэй байхаас гадна түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Энэ агуулгаараа жилийн хөгжлийн төлөвлөгөөтэйгээ уялдаатай байдлыг сайжруулах шаардлагатай байна.

Мөн өөрийн тань дурдсан батлагдаагүй байгаа 2026-2030 оны дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөн дэх төсөл хөтөлбөрүүд түүний хөрөнгө оруулалтууд нь батлагдаагүй байхад төсвийн төслийг хэлэлцэж байгаа нь анхаарах ёстой асуудал мөн.

Төсвийн төслөө дагасан дунд хугацааны хөрөнгө оруулалтуудыг хийхэд хүрэх гээд байна уу гэх асуудалд бид хүрнэ. Энэ бол бидний цаашдаа анхаарах асуудал мөн. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлого төлөвлөлт нь дараалалтай байх ёстой. Хоорондоо уялдаатай байх ёстой буюу жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөв нь дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд захирагдаж байх ёстой.

-Жил бүрийн төсөв дээр шүүмжлэл дагуулдаг хэсгийн нэг нь урсгал зардал. Жишээлбэл, тоон үзүүлэлт харахад 2020-2024 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2 хувь, нэрлэсэн ДНБ-ий өсөлт 17 хувь. Харин энэ байдлаараа цааш үргэлжилбэл 2028 онд төсвийн орлого зөвхөн урсгал зардлаа даах төдий хэмжээнд хүрэхээр байгааг та бүхэн ярьж байсан?

-Энэ жилийн төсвийн тухайд , бидний олзуурхаж байгаа нэг зүйл нь төсвийн урсгал зардлыг хүчтэй нэмэгдүүлээгүй буюу бараг өмнөх жилийн түвшинд хадгалахыг зорьсон явдал. Үүнд цалин, тэтгэврийн өсөлтийг багтааж чадсан. Өмнө дурдсанчлан 2023-2024 онд урсгал зардал 2 дахин нэмэгдсэн. Бид төсвийн мөчлөг сөрсөн бодлогоо өмнө бодитойгоор хэрэгжүүлж чадаагүйн улмаас өнөөдөр төсвийн зардал өссөн, урсгал зардал нь шахагдчихсан байна. Тэгэхээр урсгал зардал энэ хурдаараа тэлээд байвал төсөвт бодлогын орон зай хумигдана. 100 гаруй хуулийн дагуу урсгал зардал өсөөд байна гэж Сангийн яам онцлоод байгаа юм.

Тэгэхээр урсгал зардлын өсөлтийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг баталж, улстөржсөн байдлаар өсгөх нөхцлийг бүрдүүлээд байвал цаашид хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол бодлогын орон зай хумигдана. Иймээс урсгал зардлыг тодорхой түвшинд хадгалах гэж хичээх ёстой.

-ТЕЗ нар нь төсвийн хязгаараас давсан "хүслийн жагсаалт"-аа гаргачихдаг нь эргээд СЯ-ны ачааллыг нэмэгдүүлж, төслийн эрэмбэ дараалал туйлын хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна-

-Сүүлийн арван жилийн хугацаанд төсвийн хөрөнгө оруулалт 6 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр бид төсвийн хөрөнгө оруулалтыг анхнаас нь үр дүнд суурилсан, зөв төлөвлөлтийг хийхэд юун дээр анхаарах ёстой вэ. Тэр дундаа төсвийн ерөнхийлөн захирагчид Сангийн яаманд саналаа хүргүүлэхээсээ өмнө төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх чиглэлд юуг анхаарах ёстой юм бэ?

-Хөрөнгө оруулалтын асуудал нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гол анхаардаг бодлогын чиглэлийн нэг. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт үр ашигтай, оновчтой байх ёстой. Гэвч өнөөг хүртэл хараахан ийм байж чадаагүй. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын нийгэм, хууль эрх зүйн орчныг ил тод байлгах шаардлага байна. Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дүрэм журмыг засаж сайжруулах шаардлага байна гэж үздэг. Учир нь, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээд байгаа мөртлөө тэр нь эргээд бодлогын шинж чанартай асуудлуудыг шийдэж чадсан уу гэвэл үгүй юм. Өнөөдөр л гэхэд сургуулийн гурван ээлжийн асуудал хэдэн жил л яригдаж байна. Тэгэхээр төсвийг хатуу дэд бүтэц буюу байшин барилга барих асуудлаа зөв оновчилж, хүн амын төвлөрөл, нягтрал, өсөлттэй уялдуулж шийдэж чадаж байна уу гэх асуудлыг байнга бодох ёстой. Тухайн хөрөнгө оруулалтын төсөл нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын саналын нэгтгэл байна гэх дүгнэлтийг өнгөрөгч наймдугаар сард Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс илэрхийлсэн. Одоо бид зөвхөн саналууд л нэгтгээд байгаа юм биш үү. Үр ашиг, эрэмбэ дарааллын асуудал гэдэг зүйл орхигдоод байгаа юм биш үү гэх асуудал. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нар салбарынхаа асуудлыг судалж, хөгжлийн бодлого төлөвлөлттэй нийцсэн сайн хөрөнгө оруулалтуудыг Сангийн яаманд хүргүүлэх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд ТЕЗ нар нь өөрсдийнхөө төсвийн хязгаараас давсан, маш их хэмжээний санал бүхий "хүслийн жагсаалт"-ыг өгчихдөг. Улмаар буцаад ТЕЗ нартай харилцах асуудлууд үүсдэг нь Сангийн яамны ачааллыг нэмэгдүүлж, эрэмбэ дараалал туйлын хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна.

-Ирэх онд бид 90 сая тонн нүүрс экспортлох зорилтыг дэвшүүлээд байна. Гэтэл манай улсын гол худалдан авагч болох Хятадын эдийн засгийн нөхцөл байдал нүүрсний экспортод гол эрсдэлийг дагуулж байна. Нөгөөтээгүүр ирэх хавар БНХАУ-ын 15-р таван жилийн хөгжлийн төлөвлөгөө батлагдах байгаа шүү дээ?

-Ерөнхий тооцоолол дээр бид Сангийн яам, Засгийн газрын тооцооллыг үгүйсгээгүй. Хамгийн гол нь өмнөх жилээс өсгөж байгаа энэ дүнд тодорхой эрсдэл байна гэдгийг бид дурдсан. Төсвийн материалд тусгасан Сангийн яамны тайлбарт ч экспортын чиглэлд хүчин чармайлт гаргаж, нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэнэ гэсэн өгүүлбэр байгаа. Ямар хүчин чармайлт гаргаж, зорилтдоо яаж хүргэх вэ гэдэг нь Засгийн газрын асуудал. Тийм учраас хүчин чармайлт дээрээ л анхаарах ёстой. Тодорхой эрсдлүүд бий. Энэ жилийн хувьд манай улс 80 гаруй сая тонн нүүрсээ гаргаж чадах уу, үгүй юу гэдэг нь удахгүй тодорхой болно. Өнгөрсөн жилд 83 сая тонн нүүрс экспортолчихсон ч шүү дээ. Хувийн байр сууринаас хэлэхэд, огт боломжгүй гэж би хэлэхгүй. Гэхдээ төсвийн төсөлдөө бичсэн шиг хүчин чармайлт бидэнд хэрэгтэй. Тэгж байж бид 90 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрнэ. Хэрэв энэ тоондоо хүрч чадахгүй бол Монгол Улсын эдийн засгийн өсөлт таамагласан түвшинд хүрэхгүй. Улмаар орлого тал дээр эрсдэл бий болно. Мөн нэг салбараас буюу эрдсийн салбараас хүчтэй хамааралтай яваа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна гэж бид үзэж байгаа.

-Улс төрийн нөхцөл байдал ямар байхаас үл хамаараад төсвөө бид нарийн шүүн тунгааж, чамбай төсөв батлахад анхаарах ёстой-

-Улс төрийн үйл явц "халуун" байгаа энэ цаг үед төсвийн асуудал хэлэлцүүлэгдэж байна. Тэгвэл төсөвт улстөржилт орох нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ. Төсөв хэлэлцэж байх үед гишүүд юун дээр анхаарах ёстой юм бэ?

-Улс төрийн нөхцөл байдалд бид хөндлөнгийн дүгнэлт өгөх боломжгүй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол хараат бусаар Монгол Улсын төсөвт мэргэжлийн үүднээс дүгнэлт өгч, төсвийг тогтвортой байлгах үүрэг бүхий байгууллага юм. Ямартай ч Монгол Улсын төсөв хэлэлцэх хуультай, дэгтэй, хуулийн хугацаатай. Хуулийн хугацаандаа батлагдаж байж ирэх оны төсөв төлөвлөлтүүд хэрэгжинэ. Улс төрийн нөхцөл байдал ямар байхаас үл хамаараад төсвөө бид нарийн шүүн тунгааж, олон нийтээр олон талаас нь хэлэлцэж, чамбай төсвийг батлахад бүх талууд өөрсдийнхөө байр сууринаас, чиг үүргийн дагуу ажиллах ёстой

Ярилцсанд баярлалаа

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Энэ оны эхний найман сарын байдлаар татварын орлого 1.1 их наяд төгрөг, АМНАТ 931.2 тэрбум төгрөгөөр буурчээ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Энэ оны эхний найман сарын байдлаар татварын орлого 1.1 их наяд төгрөг, АМНАТ 931.2 тэрбум төгрөгөөр буурчээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.