
Сонгинохайрхан дүүрэгт 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж хийгдсэн Спорт цогцолборын ажил дуусаж, хүүхэд, залуучуудын хамтаар нээлтээ хийлээ.
Тодруулбал, хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.НЯМБААТАР-ын санаачилгаар дүүргийн 3 дугаар хороо буюу Толгойт бүсийн гэр хороолол дунд олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор барих ажлыг 2021 онд эхлүүлсэн.

Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар миний бие ажиллаж байхдаа газар чөлөөлөлтийн ажлыг нэг жилийн хугацаанд хийж, 2022 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр спорт цогцолбор бүрэн ашиглалтад орж хүүхэд, залуучууд тоглож, чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болжээ.

Мөн тус спорт цогцолбор 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай 2, газрын теннисний талбай 2, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолтойгоор хийгджээ.