Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тодруулга: Чандмань-Өндөр сумын спорт заал 105 сая төгрөгийн төсвөөр баригдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 8 секунд

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын заал арав гаруй жил баригдаж, ашиглалтад ороод хоёр жил ч бололгүй салхинд нурсан талаар нэгэн иргэн сошиалаар мэдээлсэн билээ. Тэгвэл холбогдох хүмүүсээс дараах тодруулгыг авлаа. Тус сумын Засаг дарга ажлаа хүлээж аваад удаагүй байгаагаа хэлээд барилгын үйл явц тендерийн талаар мэдээлэлгүй байна гэсэн юм. Түүнтэй уг барилгын ажлыг гүйцэтгэсэн "Уул-Өвгөд" ХХК-ийнхан холбогдсон талаар ярьсан.

"Уул-Өвгөд" ХХК Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Арбулаг зэрэг сумын сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэж байжээ.

-105 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСВӨӨР БАРИГДСАН СПОРТ ЗААЛ-

Чандмань-Өндөр сумын ЗДТГ-ын дарга Ж.Баасанжав: Гуравдугаар сарын 13-14-ний өдөр болсон хүчтэй шуурганд манай сумын нэг айлын гэр нурсан. Мөн спорт заалны баруун талын хана нурсан хохирол учирлаа. 

Спорт заалны барилгын ажил 2011-2014 он хүртэл үргэлжилж, 2014 онд улсын комисс хүлээж авсан. Хөөдөг шал тавьснаас заалыг ашиглах боломжгүй болсон учир сумаас хөрөнгө, мөнгө гаргаж хулдаасан шалаар солин, заалыг 2018 оноос ашиглаж эхэлсэн. Барилгад гарсан эвдрэл гэмтлийг "Уул-Өвгөд" ХХК гүйцэтгэгч компаниас хийх ёстой. Спорт заалны барилгыг хүлээж авсан комиссын бүрэлдэхүүнд ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна. Аймгаас хүмүүс ирсэн байх. 105 сая төгрөгийн төсвөөр баригдсан спорт заал. 

Өнгөрсөн хавар буюу 2020 онд нөгөө талын хана нь нурж байсан. Уг асуудлаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон ОБЕГ руу сумаас албан тоот хүргүүлж байв. Барилгын ажлыг гүйцэтгэсэн "Уул-Өвгөд" ХХК-аас хүн ирж барилгыг үзээд засаж, янзалж өгнө гэсэн боловч одоо болтол засаагүй тэр чигтээ байна. Засварын ажил хийнэ гэж худал хэлээд бараг бүтэн жил боллоо" гэсэн юм.

-СТАНДАРТ БУС БАРИЛГА БОЛСОН ТАЛААР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ХОЛБОГДОХ ДҮГНЭЛТ НЬ ГАРЧИХСАН-

Чандмань-Өндөр сумын засаг дарга Л.Энхжаргал: "Спорт заалны барилгын ажлыг гүйцэтгэсэн "Уул-Өвгөд" ХХК-аас гомдол мэдүүлээд байгаа учраас тайлбар хийхэд хэцүү байна. Өнөөдөр /2021.03.16/ "Уул-Өвгөд" ХХК-ний захирал над руу утсаар ярьсан. “Мэдээлэл өгвөл гэмт хэрэгтэн болно шүү. Чи захиалгаар ийм зүйл хийлгэж байна" гэсэн. Би юу гэж тийм юм хийх вэ. Ард иргэд энэ асуудал дээр бухимдалтай байгаа. Үнэн бодит байдлыг бүгд харж байна. Ямар нэгэн байдлаар зохион байгуулалттай хийж байгаа гүтгэлгийн асуудал биш гэдгийг тайлбарлаж хэлсэн. Энэ барилгын компани намайг дарамтлаад байгаа. Тиймээс хуулийн зөвлөгөө авч байж мэдээлэл өгөхгүй бол надад шүүхээр заргалдаад явах цаг зав байхгүй. Ажил ихтэй байна. 

Улсын комисс 2014 онд хүлээж авахад барилгын засвар үйлчилгээ муу байсан учир спорт заалыг гурван жил ашиглаагүй юм билээ. 2018 онд нэмэлт засварын ажил хийгдээд ашиглаж эхэлсэн. Сошиалд мэдээлэл түгээсэн иргэн барилгын ажил дууссан нь 2018 он гэж бодсон байх.

Стандарт бус барилга болсон талаар мэргэжлийн байгууллагаас холбогдох дүгнэлт нь гарчихсан. Тийм болохоор гурван жилийн хугацаа нь дууссан ч барилгын эвдрэл, гэмтлийг барилгын ажил гүйцэтгэсэн компани хариуцах болов уу гэж бодож байна. Би сумын Засаг даргын ажлыг хүлээж аваад 100 хонож байна” гэсэн тайлбар хийсэн юм. 

 

Хөвсгөл аймагт хийсэн РСR шинжилгээгээр 6 иргэний хариу эерэг гарлаа
Хөвсгөл аймагт хийсэн РСR шинжилгээгээр 6 иргэний хариу эерэг гарлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.