Хөвсгөл аймгийн Жаргалант суманд анхны "Хөх баавгайн үүр" ашиглалтад орлоо. Энэхүү нэгдсэн төвд тухайн нутгийн иргэд гар урлал, бэлэг дурсгал, нутгийн брэндийг худалдаалах боломжтой бөгөөд хөдөө сумдад нийтлэг тохиолддог асуудал болох халуун устай ариун цэврийн өрөө, тусдаа дүш, шүршүүрийг ч шийдэж өгснөөрөө онцлог аж. Мөн түүнчлэн ногоон байгууламж, хүүхэд залууст цагаа зөв өнгөрүүлэх орчин кофе шоп зэргийг ч хослуулжээ.

Эл төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Яагаад энэ санаа эхлэх болсон бэ. Орон нутгийг тойрч явахдаа анзаардаг зүйл их бий. Хамгийн харамсалтай нь бид XXI зуунд усанд орох олигтой ч газаргүй, боловсон ариун цэврийн байгууламжгүй амьдарцгааж байна.
Усанд орох тухтай газаргүй учраас 7 хоногтоо 1 удаа чүүтэй айтай усанд орж байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр эхлүүлсэн төсөл бол Хөх баавгайн үүр.

Ариун цэврийн эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууламж, тусдаа дүш, шүршүүр. Нэмээд аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн төв. Бас гадаах цэцэрлэгт байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай, Волейболл талбай гээд цогцоороо хийгдээд явах төлөвлөгөөтэй.
Эхнийх нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ашиглалтанд орж байна. Удахгүй бүх сумдад хийнэ. Сум бүрт заавал байх ёстой газар. Сумдын удирдлагууд маань саналаа өгөх хэрэгтэй.
Хувийн хэвшлийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт. Мэдээж менежментийг хувийн хэвшил хийнэ" гэжээ.
