Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын ховор элементийн зах зээлд Монгол “том тоглогч” болох боломжтой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 25 секунд

“Газрын ховор элемент нь уншигч Таны бодож байгаа шиг ховор биш ч харин зах зээл, элементийн талаарх ерөнхий мэдээлэл, үнэ цэн, үр ашгийн ойлголт нийгэмд “ховор” байна” Геологич, судлаач И.Халиунаа нэгэн нийтлэлдээ онцолсон байдаг. Монголд “Халзан бүрэгтэй” гэх ганц газрын ховор элементийн төсөл хэрэгжих гэж ядаж байхад жадлан эсэргүүцэгчид маш их байгаа нь энэ талаарх ойлголт ховор байгааг илэрхийлнэ.

2024 оны байдлаар газрын ховор элементийн олборлолтын 60-65 хувийг Хятад дангаараа хийж байна. Боловсруулалт чиглэлд бол бүр 85-90 хувийг нь эзэлдэг. Араас нь АНУ 12-14 хувьтай олборлолт хийдэг. Гэвч боловсруулалтынхаа ихэнхийг Хятад руу явуулдаг. Үндсэндээ боловсруулдаггүй, Хятад руу л олборлосноо зарж байгаа гэсэн үг. 2023 оны нэгдүгээр сард АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр Монгол Улс нийтдээ долоон ордын хэмжээнд 3 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж мэдээлж. Энэ нь АНУ-ын хүчин чадлын дайнд хүрэхүйц гэж зарим судлаачид бичиж. Бас ч гэж газрын ховор элементийн зах зээл дээр тоглох боломж манай улсад байгаа гэсэн үг л дээ. Тэр дундаа одоо “хэрүүлийн алим” болоод байгаа “Халзан бүрэгтэй” орд 1.2 сая тонн нөөцтэй. Дэлхийд томд тооцогдох орд гэсэн үг. Одоо харин энэ ордоо яаж эргэлтэд оруулах вэ л гэдэг асуудал байна.

Яагаад газрын ховор элементийн ордыг ашиглах ёстой вэ

Монгол Улсад экспортолж, гадагшаа гаргадаг бүтээгдэхүүн гэж алга. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гэсэн ашигт малтмалуудаа дурьдаад л дуусна. Үүнээс үүдээд төлбөрийн тэнцэл жил болгон л алдагдалтай гардаг. Гаднаас авдаг бүхий л зүйлдээ валютынхаа нөөцийг ашиглаж, зөрүүлээд ам.доллар оруулж ирдэг бүтээгдэхүүнгүй гээд бүдүүн бааргаар ойлгочих. Үүнээс болоод валютын ханш үргэлж нэмэгддэг гэхэд нэг их хол зөрөхгүй. Угаасаа хамгийн том шалтгаан нь мөн. Тиймээс эдийн засгаа солонгоруулж, гадагш нь экспортлох бүтээгдэхүүний тоог нэмэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаар үргэлж ярьдаг ч үр дүнд хүрэхэд зай ч байна, лай ч байна. Тэгвэл эдийн засгийг солонгоруулах нэг шийдэл нь газрын ховор элемент. Тэртээ тэргүй эрэлт нь нэмэгдэж байгаа.

Дэлхий дээр техник технологийн хөгжил асар хурдтай өсөж байна. Саяхан л Iphone 16 гарч, дэлхий нийтээрээ шуурч байлаа. Гэтэл 17 нь гараад ирэх жишээтэй. Үзэж байгаа зурагт, ашиглаж буй зөөврийн компьютер, эрчим хүчээ шийдэх гээд байгаа нарны хавтангууд, унаж байгаа цахилгаан машиныг тань хийхэд газрын ховор элемент ашиглаж байна. Зөвхөн цахилгаан машинаар жишээ авъя. 2023 онд 14 сая ширхэг цахилгаан машин борлуулж байсан бол 2024 онд 17.6 болж, 25 хувиар нэмэгдсэн. 2025 онд 20 сая ширхгийг давна гэсэн тооцололтой байгаа. 2030 он гэхэд энэ тоо 10 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий.

2024 онд дэлхийн батарей эсийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 3.3 ТВт/ц байсан. Хэрвээ одоогийн зарласан болон батлагдсан төслүүд бүгд хэрэгжих юм бол дэлхийн батарей эсийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2030 он гэхэд 9 ТВт/ц хүрч болзошгүй гэсэн тооцоолол бий. Батерей эсийн үйлдвэрлэл гэдэг нь цахилгаан автомашин, гар утас, зөөврийн комьпютер, цаашлаад эрчим хүч хадгалах системийн батерейг хэлж байгаа юм шүү.

Энэ өсөлтүүдийн тоог дурьдаж байгаа шалтгаан нь ирээдүйд газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэнэ гэдгийг л ойлгуулах гээд байгаа юм. “Яагаад цахилгаан машин, батерейн хэрэглээ өсөхөд газрын ховор элементийн хэрэглээ нэмэгдэнэ гэж” хэмээн асуух хүн цөөнгүй байгаа байх. Цахилгаан моторын соронзонд неодим (Nd), празеодим (Pr), диспрозиум (Dy), тербиум (Tb) зэрэг газрын ховор элементүүдийг хийхэд ашиглагддаг. Эдгээр нь өндөр хүчин чадал, жин багатай мотор бүтээхэд маш чухал. Салхин турбин, сэргээгдэх эрчим хүчний технологи ч мөн адил эдгээр элементүүдийг шаарддаг учир EV-ийн өсөлттэй хавсарч эрэлт улам нэмэгдэнэ. Тиймээс дэлхийн олон орон газрын ховор элементийн хайгуул хийж, энэ зах зээлд хүчтэй өрсөлдөх арга зам хайж байна. Ийм үед бид төслөө эрчимтэй хөдөлгөж, энэ их урсгалд хөл нийлүүлэх хэрэгтэй. Монгол “том тоглогч” байж яагаад болохгүй гэж. Нөөц нь байна, АНУ-тай өрсөлдөхүйц байж болохоор байна. Нэмээд, “Халзан бүрэгтэй” ордод бүх төрлийн газрын ховор элемент байгаа. Урьдчилсан байдлаар неодим (Nd), празеодим (Pr) тэргүүтэй хамгийн чухал дөрвөн элементийг гаргаж авах боломжтой юм билээ.

Нэг алхам урагшилъя, дараа нь хоёр дахь алхмаа хийе

Судлаачдын мэдээллийг уншаад байхад одоогоор боловсруулалтын тал дээр Хятад л дэлхийд тэргүүлж байгаа. Тэд аль хэдийнэ зөв арга замаа олоод, эвтэйхэн олборлоод, боловсруулаад сурчихсан. Харин манайд бол одоохондоо боловсруулах, газрын ховор элементүүдийг салгах шаардлага байхгүй. Чадах ч үгүй байх. Нарийн болох тусмаа байгаль орчинд хортой талаар гадны эрдэмтэд ч сануулсан байсан. Хятадын туулсан туршлага ч байдаг юм билээ. Тиймээс эхний ээлжинд нэг алхам урагшилъя, олборлолт хийж үзье. Тэртээ тэргүй эрэлт нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа ашигт малтмалаа ашиглах нь буруу биш. “Халзан бүрэгтэй” газрын ховор элементийн төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшин хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “АНУ, Япон, Австралийн хөрөнгө оруулагчдад төслийг танилцуулж, хамтран хөгжүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид татвар, цахилгаан, иргэдийн хандлагыг асууж байгаа” гэж ярьсан байдаг. Түүнээс хойш хоёр жил өнгөрлөө. Энэ онд гэхэд нөгөө л иргэдийн эсэргүүцэл, муйхар тэмцэл дуусаагүй, үгээ хэлээд сууж байна, төслийн удирдагч нь. Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл 30-40 жил уурхайн үйл ажиллагаа явуулж, 500-600 ажлын байр бий болгох урьдчилсан тооцоо байгаа юм билээ. Дагаад орон нутгийн хөгжилд маш чухал. Хэрвээ Япон болон барууны орнуудтай хамтарч хэрэгжүүлж чадвал зөвхөн нэг уурхай биш цаашлаад ямар нэг үйлдвэрлэлийн эх суурь ч тавигдах боломжтой. Энэ мэтээр нарийн уялдааг нь ярьвал их юм бий. Гагцхүү төслийн үр ашиг, яаж аюулгүй аргаар олборлох гээд зөв ойлголтыг л олон нийтэд өгөх хэрэгтэй байна. Ямар ч байсан нэг алхам урагшлуулах цаг болсон.

Голомт банк 21 дэх жилдээ шилдэг 100 оюутанд  тэтгэлэг  олгоно
Голомт банк 21 дэх жилдээ шилдэг 100 оюутанд тэтгэлэг  олгоно
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.