
Намрын дулаахан өдрүүд дуусч, шөнөдөө хасах градусын хүйтэн хонож байна. Гэвч шахмал түлш худалдаанд бүрэн гараагүй учир гэр, байшинд амьдардаг айлууд хүйтэн даарч хонож байна гэх гомдол манай сайтад ирлээ.
Өнгөрсөн жил нийслэлийн 7 дүүрэгт 670 борлуулалтын цэг шахмал түлшийг борлуулж байсан бол энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Яг өнөөдрийн байдлаар 332 цаг ажиллаж байна гэж НЗДТГ-аас мэдээллээ. Гэвч бодит байдал дээр ихэнх шахмал түлш борлуулах цэгүүдэд шахмал түлш ирээгүй байдалтай байна.


СХД-ийн Баянхошуу орчимд оршин суух иргэн “Шахмал түлш борлуулах цэгүүдээс түлш авахаар өчигдөржин хайгаад олоогүй ээ. Шөнөдөө ер нь хүйтэн хонолоо. Модоор л нэг галласан болоод хоног өнгөрүүлсэн. Шахмал түлш борлуулах цэгүүдэд түлш ирээгүй байна. Зурагт, Баянхошууны тойрог, манай 112 дугаар буудлуудад зарагддаг ч өнөөдрийн байдлаар огт олдохгүй байна” гэлээ.

Иргэн “Өнгөрсөн жил борлуулж байсан цэгүүдээр очлоо. Түлш алга байна. Энэ жил Xятад улсаас авж байгаа коксон нүүрсээ зарж байгаа юм уу, хуучныг нь зарж байгаа юм уу мэдэхгүй. Өмнөх шахмал түлш иргэдийг олноор нь устгасан. Гэр бүлээрээ өөд болж байгаа олон хэрэг гарсан. Үүнийг бодолцож үзэж байгаа юм уу яаж байгаа юм. Энэ засаг төр юу хийж байгаа юм мэдэхгүй. Өөрсдийн нүүрсээ Хятад руу өгөөд буцаж үнэтэй хагас коксон нүүрсийг худалдаж авж байгаа нь ойлгомжгүй байна” гэв.

Харин Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Энэ жил нийслэлд 43 мянган тонн мидлингийн шахмал түлш, 306 мянган тонн хагас коксон шахмал түлшээр иргэдийн хэрэглээг хангахаар төлөвлөсөн. Түлшний хомсдол үүсэхгүй, бүх борлуулалтын цэгүүд дээр түлшний нөөц хангалттай байна. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 3750 төгрөг, нэг шуудай хагас коксон шахмал түлш 5000 төгрөг байна. Энэ жил түлш борлуулах цэгүүд хоёр гуравдугаар гудамжинд байрлаж байна” гэх мэдээллийг өгч байна.

Гэрээт цэгийн борлуулагч “Гадаа талбайд шахмал түлш борлуулахгүй байгаа. Ил тавих юм бол торгуулж, арга хэмжээ авахуулдаг болсон. Хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргасан. Тус захирамжид гадаа талбайд худалдаалахгүй. Орчин тойрноо цэвэр байлга гэсэн. Коксон нүүрс аравдугаар сарын 1-нээс зарагдаж эхэлнэ. Ингэхдээ нэг картанд 7 шуудай л өгнө. Их хэмжээгээр өгөхгүй. Аж ахуйн нэгжүүдэд өгөхгүй гэсэн гэрээтэй байгаа” гэлээ.

Энэ жилийн тухайд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм. Харин арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Харин энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм гэж НЗДТГ-аас мэдээлж байгаа юм.

Тэгвэл уг асуудалд БЗД-ийн иргэн "Шахмал түлш олдохгүй. Цэгүүд нь бүгд байхгүй гээд байна. Шөнөдөө хасах хэмтэй байшин маш хүйтэн хонож байгаа. Зарж байгаа ганц нэг газрууд нь картаар эсвэл хотула аппликешн татаж QR уншуулж ав гээд тэрийг нь татахаар болохгүй ажиллагаа ихтэй. Зарим хүмүүс нь татаж чадахгүй нүүрсээ авч чадахгүй арга буюу хоосон буцаж байна. Өнгөрсөн жил ашиглаж байсан картаа уншуулахаар уншихгүй. “Нялх хүүхэдтэй галгүй болчихлоо. Ганцхан шуудай нүүрс яаж авах уу” гэсэн хүмүүс байна. Өнгөрсөн жил уншуулаад авч байсан картууд одоо яагаад болохгүй байгааг бас ямар учиртай ойлгомжгүй аппликешн шинээр гаргаж ирээд ийм төвөгтэй байдал үүсгээд байгааг үнэхээр ойлгохгүй байна" гэлээ.
Ц.Анужин