
АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь энэ сарын 10-ны өдөр нэгжлэг хийж, түүнийг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэрийг шүүх гаргаад буй. Тэгвэл Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд хийсэн нэгжлэгээр "Админерал" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2025 оны гуравдугаар сард нас барсан БНХАУ-ын иргэн Х-гийн гарын үсэгтэй дардас олдсон. Уг гарын үсгийн дардсыг нас барснаас нь хойш хууль бусаар ашиглаж байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа цааш үргэлжилнэ гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Тэгвэл эл мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Би огт мэдэхгүй, хамаагүй хүн гээд сонсгол дээр яриад сууж байсан. 100 тэрбумын энэ авлигын хэргийн гол гэрч гэнэт нас барсан, юу юугүй чандарлачихсан байсан асуудлыг ч шалгах ёстой" хэмээн нийтэлжээ.