
Нийгэм "хүйтэрч" байна. Хайрлах, энэрэх мэдрэмжээ алдсан "хүйтэн" хүмүүсээр нийгэм тэр аяараа дүүрч байна. Үүний "баталгаа" болсон жигшүүрт гэмт хэргийг бид бодитоор харж, сонсож, нүдээр үзсээр. Үзэх бүртээ бид тэнд байгаа алуурчны төлөвшилгүй, сэтгэл зүрхгүй нэгэн болж хүмүүжсэнийг гайхах мөртлөө дэргэдээ байгаа үр хүүхдээ ХЭН болж байгааг анзааралгүй орхисоор. Тиймээс та яг одоо хүүхдээ анзаараад, ажиглаад нэг үзээрэй. Магадгүй эрдэм мэдлэгтэй хүн болгоно доо хэмээн махийж явах зуурт тань ирээдүйд гэмт хэрэгтний дүрээр гарч ирж, нийгмийн шүүлтүүрт орох иргэн бэлтгэгдэж байгаа юм биш биз.
Чухамдаа бид ирээдүйд ХҮН л өгөх ёстой. Хүн шиг хүн. Мэдээж эрдэм боловсролыг чухалчлалгүй яахав. Ингэлээ гээд аль нэгийг нь орхигдуул ч гэж байгаа хэрэг бус. Хүнийг хайрладаг, итгэлийг нь дааж чаддаг, бусдыг хүндэлж мэддэг мэдрэмжийг суулгахаа НЭГДҮГЭЭРТ тавиач ээ гэж байгаа юм.
Тэгвэл нийгэм нэгэнт ийм "хүйтэн" байгаа нөхцөлд энгийн энэ зүйлийг өөрчлөлт гэж хүлээж авахаас өөр сонголтгүй. Тэгвэл энэ өөрчлөлтөд юу чухал вэ. Хариулт нь маш энгийн. Гэр бүл. Хүүхэд бол гэр бүлийн тусгал гэдэг дээ. Хүүхдэдээ үлгэрлэ. Хайрлах, хүндлэх, итгэх гээд хүнд байж болох бүхий л мэдрэмжийг хүмүүжил болгон төлөвшүүлэхэд үйл хөдлөл, сэтгэл санаа, амнаас гарч буй үг гээд бүх зүйлээрээ үлгэрлэ. Угтаа гэрийн хүмүүжлийг давах боловсрол гэж үгүй шүү дээ. Нөгөө талдаа энэ өөрчлөлт ганцхан гэр бүлээс хамаарахгүй. Нийтээрээ, нийгмээрээ хичээж байж хүрэх үр дүн. Таны хайрлах мэдрэмжээр өсгөж төлөвшүүлсэн хүүхдийг чинь өөр нэгэн хүйтэн мөстэй хүний хүүхэд ирээд гэмтээгээд байвал хэцүү биз дээ. Тиймээс л бүгд хичээх учиртай юм. Тэгж чадвал бид ирээдүйд хүн дүрстэй "араатан" бус хүн шиг хүнийг бүтээн өгөх биз ээ.