Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намын рейтингийг эрүүгийн хуулиар хамгаалах гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 28 секунд

МСНЭ, мэргэжлийн сэтгүүлчдийн төлөөлөл эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн. Сайд Х.Нямбаатар “ Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсаны дараа УИХ-д өргөн мэдүүлнэ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн улс төрөөс хараат бус мэргэжлийн зөвлөл байгуулна. Тэр зөвлөл эхлээд гүтгэсэн эсэхийг тогтоож гүтгэсэн байгууллага, сэтгүүлчийг залруулга хийхийг шаардана. Шаардлагыг биелүүлэхгүй бол эрүүгийн хуулиар асуудлыг хэлэлцэхээр төсөл явж байгаа” гэв. Улс төрчид ингэж л тайлбарладаг.

Хэдийгээр 2017 оны эрүүгийн хуулиар гүтгэхийг гэмт хэргээс хассан ч зөрчлийн хуульд шургуулсан. Мөн худал мэдээлэл тараах гэсэн зүсээ хувилгасан заалт эрүүгийн хуульд үлдэж чөлөөт хэвлэлийг тээрэмдэх ажиллагаа явагдсаар л байгаа. Нэг жишээ дурдая:

Ubn.mn сайт 2020 оны 06-р сард “УИД-т ноцсон галаас илүү ноцтой асуудал бий” нэртэй мэдээ нийтлэсэн. Үүнд “УИД -ийн 60 хувь нь Номин холдинг ХХК-ных үлдсэн 40 хувь нь олон нийтийх. Гэтэл жижиг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авдаггүй, харин ч өрөнд орсоор байгаа, эсрэгээрээ Номин холдинг томорсоор байдаг луйврын маягийн схем бий болсон” тухай өгүүлжээ. Гэтэл Номин Холдинг ХХК нь тус сайтыг илт худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгэв. Тэднийг луйварчин гэсэнд гомдоогүй. Харин “Номин холдинг ХХК нь УИД-ийн 60 хувийг эзэмшдэггүй Ш.Баярсайхан гэдэг хүн эзэмшдэг. Ийм худлаа мэдээллээр компаний нэр төрд халдлаа” гэж жигтэйхэн гомджээ.  

Холдинг гэдэг нь угаас нэг хүний компани л гэсэн утгатай биш билүү? Номингийн Баярсайхан гэдгээр нь хүмүүс мэдэхээс биш, Шагдарсүрэнгийн Баярсайхан гэдгээр нь төдийлөн мэдэхгүй. Мөн чанартаа Ш.Баярсайхан Номин холдинг хоёр нэг зүйл. Гэтэл цаасан дээрх баримт, хөшүүн явцуу хуулийн тайлбараар өөр зүйл болж байгаа юм. Эрх мэдэлтнүүд үнэнийг ийм маягаар яаж ч орчуулж болно. Аргаа нь ч олно.

Эрхэм сайдын яриад байгаа шиг сэтгүүлчдийн мэргэжлийн зөвлөлөөр үнэнийг тогтооно гэж бодож байна уу? Сэтгүүлчид өөрсдөө үнэн худлыг шалгаж дэнслээд л... Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын дэргэд 2020 оны 09-р сард байгуулсан хуурамч мэдээлэлтэй тэмцэх нэгж юугаа хөрөөдөх вэ? Чөлөөт хэвлэлийг нэр мөр таташ болгох махны машинаа асаачихаад дүрэм заавраа хүлээгээд байгаа юм шиг хардлага төрөхгүй байна уу? сэтгүүлчид ээ?

Мэдээж хүн гүтгэж болохгүй. Гэлээ гээд сэтгүүлчдийн хоолойг боох нь гүтгэсэн, худал мэдээлэл тарааснаасаа илүү ардчиллын системийг гэмтээдэг учраас л хөгжингүй улс орнууд гүтгэхийг иргэний журмаар зохицуулдаг. Торгож хорих бол залхаан цээрлүүлэх л хэлбэр болохоос хохирогчийг хамгаалах, хохирлыг барагдуулахад ямар ч ач холбогдолгүй.

. Харин хэн нэгэн гүтгүүлсэн бол иргэний журмаар гомдол гаргаж учирсан хохирлоо сэтгэл санаа, ажил хэрэг, бизнес орлогын зэрэг олон талаас нь үнэлж тогтоон бодитойгоор арилгах, гүтгэсэн мэдээллийн хэлбэр, тоо давтаж, нөлөөллийг үнэлж түүнээс давсан байдлаар залруулга явуулах зэргээр бодит хохирлоо барагдуулах нь хамаагүй ач холбогдолтой.

Монгол Улс эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хасаад буцааж оруулж ирэх гэж байгаа анхны улс болох гэж байна. Үүнээс гадна намын нэр хүндийг хуульчлан хамгаалдаг коммунист дэглэмээ эрүүгийн хуулиар сэргээх гэж байгаа анхны улс болох гэж байна.   

Тодруулбал сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчийн нэр хүндийг гутаан доромжилсон, гүтгэсэн бол торгох, нэг жил хүртэл хорих ялтай заалт орж иржээ. Ухаандаа Эм Си Эс-ийн Ж.Оджаргалыг гүтгэвэл энгийн заалтаар, эрхэм нэр дэвшигчийг бол арай хатуу заалтаар шийтгэх юм байх. Энэ удаад эрүүгийн хуулиар тусгайлан нэр төрөө хамгаалуулсан улс төрчид дараагийн удаа юугаа хамгаалуулах бол? Гахайн фирм ч бай, улс төрийн нам ч бай хуулийн өмнө ижил тэгш л эрхтэй гэж тунхаглаад бид 20 жил болж байна. Гэтэл өдгөө “ав ардчилсан” үеийн "зав залуу" сайд “сов социалист” хууль санаачлан гүйж явах нь ёстой хувь заяаны егөөдөл “тавилан юм даа”.

 

О.Цагариг

"Ард санхүүгийн нэгдэл","УИД"-ийн ханш хамгийн их өсжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.