
Зодооны хэрэгт холбогдож, Интерполоор эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан хил давж зугтаад 40 гаруй хонож байна. Тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.
Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа ирээгүй. Тиймээс хуулийн байгууллагаас Интерполын төв товчоонд Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлснээр Интерполын Улаан булангаар эрэн сурвалжилж буй аж.
Тэгвэл Б.Амарсайхан хил давж зугтснаас болж, хэргийн шийдвэрлэх явц удаашралтай байна. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгаж, дараа дараагийн байгууллага руу шилжүүлэх процесс гацсан байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Учир нь уг зодооны хэрэгт 3-4 хүн шалгагдаж байгаа тул Б.Амарсайханы мэдүүлэг чухал байгаа аж. Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл ирээгүй, хуулийнхантай ямар ч холбоо бариагүй мөрдөн байцаалтад саад учруулж, хоригдож буй найзуудыгаа "чирсээр" байна.
Өөрөөр хэлбэл, Б.Амарсайхан хурдан ирж мэдүүлэг өгснөөр уг хэрэг прокурор, шүүх рүү шилжиж, хэрэгт холбогдоод буй залуус буруугүй бол суллагдах, буруутай бол ялаа ав шийтгэлээ авах гэх мэт дараа дараагийн ажиллагаа хийгдэх юм байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатараас тодруулахад "Б.Амарсайханыг Интерполоор эрэн сурвалжилж, авч ирэх ажиллагаа хийгдэж байгаа" хэмээлээ.