
Балба Улсын Z үеийнхний Facebook, YouTube зэрэг 26 платформд тавьсан хоригоо цуцлахыг шаардаж, Засгийн газрынхаа эсрэг хийж буй жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үймээний үеэр 22 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтэж шархдаж эмх замбараагүй байдал үүссэн тул тус улсын Засгийн газраас олон нийтийн 26 платформд тавьсан хоригоо цуцлах шийдвэрийг өчигдөр орой гаргасан. Мөн Ерөнхий сайд Шарма Оли нь огцоод буй юм. Гэвч одоогоор нөхцөл байдал бүрэн намжаагүй байна. Жагсагчид Ерөнхий сайдын хувийн ордон болон Балбын Ерөнхийлөгчийн орд харш, засгийн газрын сайд нар болон улс төрчдийн гэр орныг галдан шатаасан байна.
Ийм эмх замбараагүй байдал үүссэн тус улсад манай улсын 6 иргэн байгаа гэх мэдээллийг ГХЯ-наас өглөө. Тодруулбал, "Одоогоор Балба Улсад Монгол Улсын 6 иргэн байгаа гэх мэдээлэл байна. Дели дэх ЭСЯ тухайн иргэдтэй холбоотой ажиллаж, үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Бүгд зочид буудалдаа аюулгүй байна, хоол хүнсний хангамж тасраагүй Балба дахь өргөмжит консул болон Дели дэх ЭСЯ-наас тогтмол холбоотой ажиллаж байна" гэлээ.