
Намар цагийн өнгийг чимж “Алтан намар-2025” ногооны үзэсгэлэн худалдаа 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уг өргөтгөсөн худалдаагаар иргэд химийн аргаар бордоогүй, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын ногоог хямд үнээр худалдан авах боломжтой гэдгээрээ онцлог байдаг. Тиймдээ ч иргэд намрын дулаан элч буурч, өвлийн жавартай золгохоос өмнө шинэхэн ногоог нөөцлөн авахаар уг өргөтгөсөн худалдааг зорих нь элбэг. Тэгвэл энэ намрын шинэ ургацын ногооны үнэ ханш, худалдан авалт ямар байгааг сурвалжилахаар тус өргөтгөсөн худалдааг зорилоо.
-Орон нутагт ган ихтэй байснаас шалтгаалж үнэ бага зэрэг нэмэгдсэн гэв-

Барилгачдын талбайд байрлах өргөтгөсөн худалдаан дээр очиход хөл хөдөлгөөн тун бага байлаа. Харин үүний шалтгааныг тохиромжгүй байршлаас болж байна гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм. Тэдний нэг нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын тариалан эрхлэгч Н. Тэрбээр худалдан авалт болоод шинэ ургацын ногооны үнэ ханш ямар байгаа талаар “Иргэд ногоо худалдаж авах нь бага байна. Энэ нь байршилтай холбоотой. Учир нь иргэд энэ байршлыг төдийлөн сайн мэдэхгүй байна. Мөн цаг агаараас шалтгаалах нь ч бий. Учир нь хүйтэн өдрүүдэд иргэд худалдан авалт хийхээр зорьж ирэх нь бага байдаг. Үнийн хувьд, өнгөрсөн жилээс бага зэрэг нэмэгдсэн. Учир нь орон нутагт ган ихтэй, бороо хур муу орсон учраас тариаланчид өнгөрсөн жилтэй харьцуулахад бага ургац хурааж авсан" гэсэн юм.
-ИРГЭН: Ногооны үнэ нэмэгдсэн санагдаж байна. Гэхдээ амт чанар нь сайн байдаг учраас үнэтэй байсан ч худалдаж авдаг-

Ийнхүү худалдаа эрхлэгчид ногооны үнэ ихээр нэмэгдээгүй гэж байгаа боловч худалдан авагчдын зүгээс үнэ илт өссөн байгааг хэлж байсан юм. Тэднээс байр суурийг нь тодруулахад худалдан авагч Б “Өмнөх оноос үнэ нь нэмэгдсэн санагдаж байна. Байнга хэрэглэдэг хүнс төмс, лууван, сонгино нь үнэ ийм үнэтэй байвал худалдаж авахад хэцүү байдалд хүрнэ. Жил бүр энэхүү үзэсгэлэн худалдааг зорьж ирж, ногоогоо цуглуулдаг. Шинээрээ, амт чанар сайн байдаг учраас үнэтэй байсан ч худалдаж авдаг” гэж хэллээ.
Худалдан авагч А “Худалдан авалт хийх явцад ногооны үнэ бага зэрэг нэмэгдсэн харагдаж байна. Өмнө нь авдаг байсан хэмжээнээсээ багасгаж байж худалдан авалтаа хийлээ. Зарж байгаа ногоонууд нь дажгүй шинэ санагдаж байна” гэлээ.
-ҮНЭ: Лууван, манжин, байцайны үнэ өнгөрсөн жилээс 500-1500 төгрөгөөр нэмэгдсэн бол улаан лоолийн үнэ 3000-5000 төгрөгөөр ӨСЧЭЭ-
Тэгвэл “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаанд гарч байгаа ногооны үнийн мэдээллийг сонирхуулъя. /Кг тутамд/

Дээрх үнийн мэдээллээс харахад, "Алтан намар 2025" өргөтгөсөн худалдаанд борлуулагдаж буй ногооны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байна. Жишээлбэл, өнгөрсөн жил кг нь 1000-1200 төгрөгөөр зарж байсан төмсний үнэ энэ жил 2000-2500 буюу нэг дахин нэмэгджээ. Түүнчлэн иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг лууван 500 төгрөгөөр, манжин 1500-2000 төгрөгөөр, байцай 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Нарийн ногооноос улаан лоолийн үнэ хамгийн их нэмэгдсэн буюу кг тутамд 3000-5000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
-"Өргөтгөсөн худалдааг ТОХИРОМЖГҮЙ газар зохион байгуулж байгаагаас худалдан авалт муу байна"-

Дараагаар нь бид “Сансар” үйлчилгээний төвийн гадна талбайд байрлах өргөтгөсөн худалдааг зорьсон юм. Эл өргөтгөсөн худалдаанд оролцож буй худалдаа эрхлэгчид худалдан авалт муу байгааг онцлоод байршилтай холбоотой үүсээд буй асуудлын талаар хөндөж байсан юм. Учир нь тэднийг эл байршилд долоо хоног байлгасны Сансарын туннель рүү шилжүүлнэ гэж албаныхан "ам гарчээ". Гэтэл тус хугацааг ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл сунгаснаас шалтгаалж, зарим хүнсний ногоо нь тухайн орчинд муудах эрсдэлтэй байгааг ч хэлж байсан юм.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариалан эрхлэгч “Анх авчирсан ногоогоо зараад 50 хувьд ч хүрээгүй байна. 1-2 цагийн зайтай хэдхэн хүн ирж худалдан авалт хийж байгаа. Өнөөдрийн орлого л гэхэд, 200 мянган төгрөгт хүрээгүй байна. Анх бидэнд Сансарын туннелд байрших байрлал өгсөн ч засвараас нь болоод одоогийн газрын байршлыг өгсөн. Гэвч энэхүү байршил нь өргөтгөсөн худалдаанд тохиромжгүй, хүмүүсээс далд байна. Үүнээс шалтгаалж хурааж ирсэн ногооны ихэнх хувь нь буцаагдахаар байна” гэв.

Мөн өөр нэгэн худалдаа эрхлэгч ярихдаа “Борлуулалт муу байна. Энэ газарт 7 хоног байрших байсан ч аравдугаар сарын 1-ны өдөр хүртэл сунгачихсан. Сансарын туннелийн засвар дууссан, улсын комисс хүлээж авах хугацаа хойшилсноор бид ногоогоо худалдаалахад хүндрэлтэй, орлого маш бага байна. Ногоо маань эхнээсээ хатаж, хүйтэнд усан бүтэцтэй ногоонууд муудах эрсдэл их байна. Бид Дүнжингарав худалдааны төвийн гадна байршихаар хүсэлт өгсөн ч ч хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн. Хүсэлтийг маань хүлээж аваагүй хэрнээ өөр хоршооны хүмүүст өгчихсөн байсан. Илүү эрх мэдэлтэй хүмүүст нь байршил сайтай газар өгч байна” гэлээ.
-"Алтан намар" өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ-

Энэ жил тус өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 21 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн ч одооогоор дараах 6 байршилд болж байна. Үүнд:
-
Баянгол дүүрэг, 1-р хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
-
Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Жуковын талбай
-
Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүсний ногооны контейнер
-
Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
-
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
-
Баянзүрх дүүрэг, 1-р хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гадна талбай гэх мэт газруудад одоогоор тус өргөтгөсөн худалдаанууд явагдаж байна.
Ц.АНУЖИН

