Дуучин Т.Бат-Оргилд хэрэг үүсгэж шалгаж байгаа аж. Түүнийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж буй бололтой.
Тэрбээр энэ талаараа фэйсбүүкдээ “Элгийн юмаа. Надад хэрэг үүсгэлээ гэнээ. Өнгөрсөн сонгуулиар өчнөөн олон хүн хандив өргөсөн. Харамсалтай нь тэдний нэлээд хэсэг нь хуульд заасан ёсоор РД, нэр усаа, орлогын эх үссвэрээ бичээгүй, "Амжилт хүсъе" "Дансанд 20К л байна, тэрнийгээ явууллаа" гэх мэт хөөрхөн утгатай гуйвуулгууд хийснийг би бүгдийг буцаах ёстой байв. Нийт 11 гаран сая төгрөг буцаасан. Гэтэл яагаад ч юм 195,000 төгрөг буцаагаагүй үлдээсэн "гэмт хэргийг" Аудитын газар илрүүлж, Прокурор хэрэг үүсгэсэн байна гэж ХУД-ийн Татварын хэлтсээс залгаж байх юм. Би ч баларлаа даа... Эд нар нээрээ жинхэнээсээ өөр хийх юм байдаггүй юм байх даа” хэмээн бичжээ.
Түүний хувьд одоо МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцож байгаа юм. Хамгийн түрүүнд өөрийн гурван үеийн намтар, мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулснаар МҮОНРТ-ийн ажилчдын дэмжлэгийг аваад буй. Учир нь, өмнө нь хэн ч ингэж мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж байгаагүй юм.