
Энэ оны эхний хагас жилийн байдлаар банкны зээл өнгөрсөн онтой харьцуулахад 27 хувиар өссөн байна. Ялангуяа валютын ханшид хүчтэй нөлөөл үзүүлж буй автомашины импортод Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой хязгаарлалт тавьж, зээлийн шалгуурыг чангаруулсан.
Мөн арилжааны банкнуудад автомашины зээлийг дахин санхүүжүүлэх боломжууд хязгаарлагдаж байгааг Монголын банкны холбоо өнөөдрийн мэдээлэлдээ дурдлаа.
Тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ “Валютын ханшид автомашины импорт хүчтэй нөлөө үзүүлж буй нөлөөллүүдийн нэг болж байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос валютын ханшид нөлөөлөх нөлөөллийг бууруулах зорилготой хязгаарлалт тавьсан. Цаашид тансаг хэрэглээ буюу өндөр үнэтэй автомашинуудад борлуулалтыг нь хязгаарлах нөхцөл байдал үүснэ гэж харагдаж байна” гэлээ.
Гадагшаа урсаж буй валютыг хадгалахын тулд тансаг автомашинуудад такс тавих хэрэгтэй болохыг эдийн засагч Г.Батзориг хэлсэн. Тэрбээр "Хэрэглээгээр дамжуулан импортуудыг хязгаарлаж байна. Дахиад тансаг зэрэглэлийн автомашинуудад такс тавибал иймэрхүү байдлаар валютыг хязгаарлах арга хэмжээг авч болно" гэсэн юм.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо импортыг хязгаарлах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Монголбанк өр орлогын харьцааг 50/50 болгож чангаруулсан бол бодлогын хүүг 12 хувь болгон хатууруулсан бол Санхүүгийн зохицуулах хороо автомашины урьдчилгааг 30 хувь болгон нэмэгдүүлэхийн зэрэгцээ банк бус санхүүгийн байгууллагуудын зээл олгох өр орлогын харьцааг 60/40 болгон чангаруулсан юм.