
Хаалганы цаана айл бүрийн амьдрал адилгүй ч 207-дугаар байрны 63 айлын зовлон нэг. Амьдарч байсан гэр нь өнөөдөр балгас болж, тэр өдрийн хар дарсан зүүд шиг аймшигт явдлыг гэрчлэх шиг болно. Удахгүй байрыг нураахаар хамгаалалтын хашаа татжээ. Биднийг очиход барилгыг буулгаж эхлээгүй байлаа. Энэ баасан гарагт барилгыг нураах аж.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн нэгдүгээр сард дэлбэрэлтэд өртсөн орон сууцны барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг гаргасан бөгөөд есөн сарын дараа ийнхүү ажил хэрэг болж байгаа нь энэ.
Угтаа бол шийдвэр гарсны дараахан нэгдүгээр сарын 18-нд тендер зарлаж, нэг компани шалгарсан гэх ч өөр нэг компанийн гомдлын дагуу хүчингүй болсныг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат хэлж байв. Ингээд тавдугаар сард хоёр дахь удаагаа тендер зарласныг мэдээлж байсан билээ.

Дэлбэрэлтэд өртсөн барилгыг буулгахад 2.4 тэрбум төгрөг зарцуулах бол шинээр барихад 12.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Оршин суугчдын зүгээс 2027 оны нэгдүгээр улиралд багтаан байрандаа орох хүлээлттэй байгаа аж. Хэдий Дүнжингаравт болсон ноцтой ослоос хойш жил найман сар өнгөрсөн ч орон гэрээ алдаж, гэр бүлээсээ хагацсан тэд одоо ч гомдолтой хэвээрээ.
ЖОЛООЧ АМИА БОДОЖ ЗУГТААГҮЙ БОЛ БИД ӨНӨӨДӨР ЭЛЭГ БҮТЭН, ЭЭЖ МИНЬ АМЬД СЭРҮҮН Л БАЙХ БАЙСАН

Оршин суугчдын төлөөлөл Б.Оюунбатын хувьд гудамжинд гараад зогсохгүй, ээжийгээ алджээ. Тэр шатсан байрныхаа урд “Бид алга дарамхан гэртээ аз жаргалтай амьдрах байсан. Хэрэв “Дашваанжил” ХХК-ын жолооч газ асгарч байгааг мэдээд хүмүүсээс тусламж хүсэж, урьдчилан анхааруулсан бол, амиа бодож зугтаагүй бол долоон хүн амиа алдаж, өч төчнөөн хүмүүс орон гэргүй болохгүй, элэг бүтэн амьдрах л байлаа. Ээж минь амьд сэрүүн л байх байсан. Тэр аймшигтай ослоос болж ээж минь бие нь муудаж, шокоосоо гарч чадахгүй, сэтгэл санаа нь дээрдэхгүй байсаар бурхан боллоо” гэв.
Одоогоос жил гаруйн өмнө түүнтэй уулзаж байхад ээж нь осол болохоос өмнө хэвтрийн дэглэмтэй ч бие нь хүндрээгүй байсныг хэлж ярьж байлаа. Харин ослоос хойш бие нь эрс мууджээ. Тэрбээр “Миний ээж осол болохоос өмнө хэвтрийн дэглэмтэй ч биеийн байдал нь хүндрээгүй байсан. Одоо хүртэл бие нь дээрдээгүй. Сэтгэл санаатай нь ч холбоотой байх.
“Охиныгоо байрандаа орохыг хараад тайван нүд аних юм сан” гэж хэлэхэд голыг минь зурах шиг болсон” гэж байлаа. Түүний адил 207-гоор хаягласан 200 гаруй хүн өнөөдөр ч эрүүл мэнд, сэтгэлзүй, эд хөрөнгөөрөө хохироод шүд зуун амьдарч байгаа нь нууц биш.
ТЭД: АМЬДРАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН БАЙРНЫХАА ЗЭЭЛИЙГ ТӨЛЖ БАЙНА
Өнөөдөр амьдрах боломжгүй балгас болсон байрныхаа зээлийг оршин суугчдын ихэнх нь төлж байгаа гэх. Өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг төр хариуцаж байгаа ч түрээслүүлэгчдийн ая талыг харж, хүний эрхэнд амьдрах нь хэнд ч тоогүй.

Тэдний нэг 207 дугаар байрны оршин суугч Э.Оюунчимэгийн хувьд ганц шөнийн дотор өмссөн хувцастайгаа орон гэрээ алдсан тэрбээр үнс нурам болсон байрныхаа гадна нүдэндээ нулимстай зогсож байсан нь саяхан. Өнөөдөр амьдрах боломжгүй болсон байрныхаа ипотекийн зээлийн төлбөрийг төлөхийн зэрэгцээ түрээслүүлэгчид дуртай үнээ хэлж, хүсвэл дуртай үедээ хөөдөг нь ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийн үлгэр болдог тухай ярьж байсан билээ.
Б.Оюунбатын хувьд ч мөн адил зовлон нэг. Энэ зун гэхэд хоёр түрээсийн байр дамжсаныг ярилаа. Тэрбээр “Хүний юманд, хүний эрхэнд тоглоом шиг амьдрахыг бид яс махаараа мэдэрч байна. Түрээслүүлэгч гар гэсэн бол ямар ч арга байхгүй гарна. Дахиад л байр хайна. Ямартай ч удаан хүлээсний эцэст шинээр байрыг маань барьж, гэртээ орно гэж бодохоор баяртай байна. Ганцхан блок барилга болохоор тендерт шалгарсан компани нь чадварлаг бол цаг алдахгүй барих байх. Бидний хувьд 2027 оны нэгдүгээр улиралд байрандаа орно гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.

Оршин суугчдын зүгээс өмнө нь барилгыг засварлах боломжтой, буулгахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Тэд өнгөрсөн оны тавдугаар сарын 9-нд мэдээлэл хийхдээ "Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан дүгнэлт дээр бетоны чанар аюулгүй байдлыг хангасан байна, Барилгын бүтэц хийцэд дэлбэрэлтээс үүдэн ямар нэгэн гажилт, хазайлт үүсээгүй. Барилгын норм дүрмийг хангаж байна гэсэн дүгнэлт ирсэн” гэж байлаа. Үүний дараа зургаадугаар сард тус байрыг 7 тэрбумаар засварлах тухай мэдээлэл ч гарч байсан бол Улсын онцгой комиссоос “дахин ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж байв. Ямартай ч дэлбэрэлтэд өртсөн 207 барилгыг засварлах эсвэл буулгах тухай яригдсаар хотын даргын шийдвэрээр буулгаж, дахин барихаар болоод байгаа нь энэ билээ. Тухайн үед 207 дугаар байрны нөхцөл байдлыг сурвалжилж байсныг энд дарж уншина уу.
Эргэн сануулахад, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж 5.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм.



