Хууль зүй, дотоод хэргийн яамны сайтад Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлдөө 13.14 дэх заалтыг нарийвчилж, ял шийтгэлийг нь нэмж бичсэнээ байршуулсан нь сэтгүүл зүйн салбарт барьсан “гэнэтийн бэлэг” байлаа.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр хуулийн төсөл явж байгаагийн нэг нь Эрүүгийн хуулийг шинэчлэх байнгын ажлын хэсгийн төсөл. Үүнд, 13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх гэсэн зүйл заалт оруулж иржээ. Ингэснээр нөгөө шүүмжлэлт дуу авиаг улам л боомилсон хэрэг болоод байгаа юм.
Сонгуулийн үеэр улс төрийн намыг гутаавал шоронд хийнэ гэх агуулгатай заалт сэтгүүлчдийг шуугиулж, энэ төслийн эсрэг дуугарахад хүргэлээ. Гэхдээ энэ зөвхөн сэтгүүлчдэд хамаатай учраас бид дуугарч байгаа зүйл биш. Энэ бол сошиалд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн бүрд хамаатай юм. Тиймээс баасан гарагт сэтгүүлчид нэгдэж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн.
Мөн бүтэн сайн өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас энэ талаар асуухад, “Сэтгүүлчид хэн нэгнийг гүтгэж, доромжилсон тохиолдолд торгож, шийтгэх тухай асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал дунд ороогүй байгаа. Маргааш ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчидтэй уулзаж, энэ талаарх асуудлаар дэлгэрэнгүй ярилцана. Ерөнхий сайдын зүгээс сэтгүүлчдийг торгож, шийтгэхээс илүүтэй сэтгүүлчдийн өөрсдийн ТББ, олон улсын жишигт нийцсэн арга хэмжээнүүдийг авч асуудлыг шийдэж явах нь зүйтэй гэж бодож байна. Сэтгүүлчдийн ёс зүйн хороо гэж байна. Энэ хороогоор хариуцлага алдсан, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон сэтгүүлчийнхээ ёс зүйн асуудлыг ярьдаг чиглэлээр явах нь зүйтэй байх гэж боддог. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар илэн далангүй яриарай. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалан ажиллана. Сэтгүүлзүйн салбар бол манай дөрөв дэх засаглал. Бид хүндэтгэлтэй хандах ёстой. Сэтгүүлчид та бүхэн маань хариуцлагатай байх ёстой. Ийм л зүйлийг хэлье” хэмээн хэлсэн юм.
Гэтэл өнөөдөр сэтгүүлчид нэгдэн ХЗДХ-ийн сайдтай уулзаж, мэдэгдэл хүргүүлэх үед тэрбээр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдаад ажлаа хийж байна. Энэ хууль батлагдсаны дараа Эрүүгийн хуульд оруулсан 13.14 дүгээр заалтыг эргэн харах болно” хэмээн хэлжээ. Тиймээс энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулахгүй хэмээн ойлгогдож байна.
Гэхдээ... Эрүүгийн хуульд ийм зүйл заалт оруулж ирвэл олон нийт эсэргүүцэх нь ойлгомжтой байгаа энэ үед яагаад Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө түрүүлж танилцуулсангүй вэ. Эрүүгийн хуулийн энэхүү өөрчлөлт Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчлэлийн трейлер биш биз...
Хэвлэлийн эрх чөлөөг хангах “хүчтэй” хууль хэрэгтэй байна
Ямартаа ч салбарын сайд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг шинэчилж байгааг дуулгалаа...
1998 онд анх батлагдсан чигээрээ дөрөвхөн зүйлтэй, 100 гаруйхаан үгэнд багтахаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэж уг нь бий. Хэдийгээр жижиг хууль ч гэлээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахдаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн Мэдээлэлд хяналт тавихыг хориглох зүйлд,
- 3.1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
- 3.2.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.
Гэсэн хоёр заалт байдаг. Дээрх гурван өгүүлбэр хэвлэл мэдээллийн эрхийг хангадаг, хангасаар ирсэн. Гэсэн хэдий ч үе үеийн улс төрчдийн оноо авдаг сэдэв бол Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль шинэчлэл хийх. Үе үеийн ерөнхийлөгч, улс төрчид энэ үгийг хэлдэг. Тэр бүрд горьдлого тээж харсаар л байдаг, манай салбарынхан.
Бөхчүүд улс төрд ихээр орж байна гэж ярьдаг. Тэгвэл сэтгүүлчид ч дутахгүй. Сэтгүүлч Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга, Улсын их хурлын гишүүд гээд байсан. Гэтэл тэд ганц ч удаа гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрсэн салбар руугаа эргэж нэг харчхаагүй байгааг дээрх хууль батална...
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах хууль нь хүчгүй, одоогийн цаг үед нийцсэн “овжин” зохицуулалтуудгүйгээс хэвлэл мэдээллийн эрх чөлөө Эрүүгийн хуулиар хязгаарлагдах цаг ирээд байна.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөс сэтгүүлчид хэдхэн зүйл хүлээж байгаа. Нэгт, сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах. Хоёрт, ил эх сурвалжийн үгийг дамжуулсан сэтгүүлчийг шийтгэхээ болих. Гуравт, хэвлэлийн өөрийн зохицуулалтыг хуульчлах. Дөрөвт, редакцын хараат бус байдлыг бэхжүүлэх. Тавд, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх...