
Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53781 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Дээрх хугацаанд 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.Б, Б.Э нь нар нь бусдад Монгол Улсын үндэсний гадаад пасспортыг хуурамчаар гаргаж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Тус зүйл ангид нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.