10 дугаар хорооллын дулааны шугам задарч айл өрхүүд халуун усгүй, дулаангүй хоёр хоноод байсан. Тэгвэл урд шөнө шугамын гэмтлийг засварлаж дуусжээ.
Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч 8А магистральд арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн дөрвөн гэмтэл гарчээ. Улмаар мэргэжлийн байгууллагууд үүссэн нөхцөл байдалд техникийн шийдлийг боловсруулж гэмтэл гарсан 500 орчим метр шугамын хоёр талд тусгаарлагч хаалт тавьж хэрэглэгчдийг дахин халаалт доголдох эрсдэл үүсэхээс сэргийлсэн байна.
Сүүлийн гэмтлийг засварлаж дууссан, дүүргэлт хийх явцад одоогоор гэмтэл ажиглагдаагүй байгаа аж. Дахин гэнэтийн аваар гарахгүй бол хоёрдугаар хэлхээ буюу хэрэглэгчид руу очих шугамд горим тохируулга хийж Улсын 3 дугаар эмнэлгээс Улаанбаатар палас хүртэлх 61 байр, 21 аж ахуйн нэгж буюу 7000 орчим айл өрхийг бүрэн дулаанаар хангах юм байна.
Үүссэн нөхцөл байдалд Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний шуурхай бригадууд, Диспетчерийн үндэсний төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн конторын ерөнхий инженерүүд тус тус ажиллажээ.