Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн баярын хурал боллоо.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П. Баярбаатар: “Төрийн цахим үйлчилгээг иргэддээ хүргэх ажлыг тав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Үүний эхний суурь нь 2021 онд УИХ-аар салбарын эрхзүйн орчныг сайжруулах таван хууль баталсан. Үүнд Нийтийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг баталсан байдаг. Энэ хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд өнөөдрийн цахим үйлчилгээний чанар нэмэгдсэн. Олон улсад төрийн үйлчилгээг зургаан янзаар үзүүлдэг.
Монгол улсын хэмжээнд EMONGOLIA сайт нь хоёр сая орчим хэрэглэгчтэй болсон. Төрийн үйлчилгээг хүн хүндээ үйлчилдэг буюу операторийн горимоор, цахим ур чадвар муутай ахмад настнууд эсвэл интернэт хэрэглэх боломж хомс иргэдэд хурдан цэгийг байгуулан үйлчилж байгаа.
Ингэхдээ орон даяар “хурдан” цэгийн үйлчилгээг 520 орчмыг байгуулж, хувийн хэвшлүүдтэй хамтран 800 орчим киоск машиныг байрлуулсан. Мөн сүүлийн хугацаанд төсвийн мөнгөөр худалдаж авсан киоск машинуудад төрийн үйлчилгээг нэмж эхэлж байна. Өмнө нь ТҮЦ машин гэж байсан бол одоо ТҮЦ машин байхгүй хурдан киоск төхөөрөмж гэж байгаа.
Жишээлбэл Төрийн банкны 100 орчим л киоск төхөөрөмжид лавлагаа тодорхойлолт гаргадаг болсон. Энэ нь үндсэндээ иргэд төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын киоск төхөөрөмжийн алинаас нь ч лавлагаа үйлчилгээгээ авч болохоор болж байна гэж ойлгож болно. Бид 2022 онд НҮБ-ээс гаргасан цахим засаглалын индексээр 2021 онд 74-р байранд байсан бол 2024 онд 193 орноос 46-р байранд орж Азидаа 13-р байранд орсон үзүүлэлт гаргасан” гэлээ.
Мөн 80 гаран байгууллагын 1300 орчим үйлчилгээг цахим болжээ.Төрийн үйлчилгээг тоолоход багийн засаг даргаас сум, аймаг нийслэлийн бүх үйлчилгээг тоолоход нийтдээ 6000 гаруй үйлчилгээ байсан. Үүнээс хэрэгтэйг нь цахимжуулах, шаардлагагүй нь хүчингүй болгох үйл ажиллагааг хийж үүнд дахин инженерчлэлийн ажлуудыг хийх юм байна.
М.Амаржаргал