Эдийн засагч Ц.Лут-Очир нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд нийслэл Улаанбаатар хотын төсвийн зарцуулалтад хяналт, шалгалт хийх өргөдөл санаачилсан байна. Тодруулбал, татвар төлөгчдийн буюу нийслэлийн төсвийн хөрөнгийг бордюр солих, зүгээр байгаа явган замыг хуулж солиход зарцуулж буй нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Тиймээс "Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт олон нийтэд ил тод бус, үргүй зардлууд их бий. Хотын дарга Х.Нямбаатар дураараа шийдэж байгаа. УИХ хяналт, шалгалт хийж, хуулийн дагуу эсэхийг тодруулах ёстой" гэж үзжээ.
Энэ сарын 12-ны өдөр санаачилсан дээрх өргөдөлд өнөөдөр /2025.08.15/ 15.00 цагийн байдлаар 1448 иргэн гарын үсгээ зуржээ. Хэрэв та энэхүү өргөдөлд нэгдэхийг хүсвэл ЭНД дарж, гарын үсгээ зурах боломжтой юм байна.
Өргөдөлд 70 мянган иргэний гарын үсэг цугларсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэж, холбогдох ажлын хэсгийг байгуулах юм.