
Увс аймгийн цол олгох барилдааны 5-ын давааны ам авах үеэр Дархан Аварга Н.Батсуурь, "Та нар барилдах гэж ирсэн юм уу. Таван цаас хайх гэж ирсэн юм уу. Энэ олон хүмүүсийг доромжлох гэж ирсэн юм уу та нар" гэж хэлж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор спортын тайлбарлагч С.Шижирбат үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Тэрбээр, "Н.Батсуурийн ярианы бичлэг яваад байна. Том цолтнууд нь өөрсдөөсөө эхэлж дуугарах нь зөв л дөө. Хамгийн их жудаг ярьсан хамгийн жудаггүй гарууд бол үндэсний бөхчүүд болсон шүү дээ. Мөнгөгүй бол цол авахад асар хэцүү болсон. Нэг нутаг ус хамаагүй, аймаг сумын цолтны заалны барилдаанд гайгүй үздэг залуус цол авахаар аймгийн наадамд очихоор нь улсын цолтнууд элдвээр дарамтлаад сэтгэл зүйгээр нь нурааж, чи цол авах болоогүй гээд тасдаж авч хаяад, барилдаан сураагүй мөнгөтэй бацааныг дагуулж очоод дамжлаад цолонд хүргэдэг ийм л новшийн үзэгдлүүд гаарсан. Баяр наадмын хуулинд 7 сарын 10,11,12-нд нэгэн зэрэг Улс аймаг сумын наадмыг хийнэ гэдэг ч мөн аймгийн засаг дарга нар өөрсдийн аймаг сумдын наадмын товоо мэднэ гээд заацан учраас зэрэг хийдэггүй будлиулдаг юм аа.
Хуулийн цоорхойг засах ёстой, тэгж байж гайгүй болно. Цагдаа, тагнуул, АТГ бүгд найрааг мэддэг мөртлөө чимээгүй байдаг. Улсын наадамд хөдөөнөөс сонгогдсон УИХ-ын гишүүд дахиж сонгогдохын тулд найраанд оролцдог. Сонгуулиар нутгийн бөхийг дагуулж явдаг тохироотой. Найрааны мөнгө буюу төсвийн мөнгө тендерүүдийн мөнгө чинь ард түмний л мөнгө шүү дээ. Ард түмнийг хохироож хууран мэхэлсээр байхад ард түмэн өөрсдөө найрааг өөгшүүлж хүлээн зөвшөөрдөг дөө. Үзэхээ байгаад ирэхээр өөр болно л доо" гэжээ.