Сингапур, Их Британи чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр талын хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудлаарх яриа хэлэлцээгээ ойрын үед дуусгахаар тохиролцов.
"Энэхүү гэрээ нь хоёр улсын бизнесийн тасралтгүй, тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ бүс нутагтай илүү гүнзгий хамтран ажиллах Их Британийн бодлогыг баталж буй дохио юм" гэж Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Чан Чун Син гарын үсэг зурах ёслолын дараа мэдэгджээ. “Чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээ нь мөн манай хоёр улсын харилцааг бэхжүүлж, гүнзгийрүүлэхэд чиглэсэн” гэж тэрбээр нэмж дурджээ.
Энэхүү баримт бичигт Сингапур болон Европын Холбооны хооронд байгуулсан үүнтэй ижил гэрээнд тусгасан өмнөх давуу талыг хадгалж үлджээ. Тухайлбал, тодорхой нэр төрлийн барааны тарифыг тэглэх, төрийн худалдан авалт, үйлчилгээтэй холбоотой зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, цахилгаан бараа, автомашины үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт тарифын бус саадыг багасгах тохиролцоог хэвээр үлдээсэн байна.
Мөн талууд харилцан хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудлаар хийж буй хэлэлцээгээ ирэх хоёр жилийн дотор дуусгаж, дижитал эдийн засгийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ.