
Увс аймгийн 100 жилийн ойг угтаж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Д.Сурмаажав гэр бүлийнхээ хамтаар Улаангом хот руу орох гарах хаалгыг шинэчилж УГТАХ-ҮДЭХ иж бүрэн цогцолборыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ.
Энэхүү цогцолбор нь 2 тэрбум 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан юм.
Энэ талаараа тэрбээр, "Анх 90 жилийнхээ ойгоор хийхээр төлөвлөсөн ч мөнгө санхүүгийн боломж бага, батлагдсан зураг байхгүй гэх мэт шалтгаанаар барьж чадаагүй. Тэр цагаас хойш 10 жил бодож төлөвлөсөн зүйлээ өнөөдөр биет болголоо. Зүгээр нэг доогуур нь хүн орж, гардаг хаалга биш урлагийн бүтээл хийе гэж бодоод гадаадад зураг төслийг нь хийлгэж, энэ суврагыг босгосон. Гэр бүлийнхээ хэмжээнд 40 жил цуглуулсан мөнгөөрөө ийм хаалга болгож өглөө. Нас 70 хол гарч байгаа учраас байгаа боломжоо ашиглаад ийм сайхан гайхамшигтай бүтээл хийж, ард түмэндээ хүлээлгэж өгөхийг хүслээ" гэжээ.