БЗД-ийн 10 дугаар хороонд коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл гэр бүлийн хоёр иргэнийг өнгөрсөн сарын 21-22 нд шилжих шөнө ХӨСҮТ-рүү авч яваад, байрных нь иргэдээс үүрийн 4 цаг хүртэл шинжилгээ авчээ. Ингээд тус байранд хөл хориог тогтоож, нэгдүгээр орцыг энэ сарын 1-нд цуцалсан ч, халдвар гарсан хоёрдугаар орцонд одоог хүртэл хөл хорио тогтоосон хэвээр байна. Энэ талаар манай сайт өмнө нь сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ.
Хөл хориог эхлүүлээд 17 хоноод байгаа ч хэзээ цуцлагдах нь тодорхойгүй байсаар байна. Даваа гараг буюу энэ сарын 7-нд давтан шинжилгээг оршин суугчдаас авсан ч хариу нь хэзээ гарах нь тодорхойгүй байгаа аж. Энэ талаар дүүргийн Онцгой комисс руу залгаж асуухад өглөө “Дүүргийн онцгой комисс хуралдаж байна. Та бүхний хариу сөрөг гарсан” хэмээн хариу өгчээ. Хөл хорионд байсаар хоол ундаа барж байгаа зэргийг учирласан иргэд дахин асуухад “ХӨСҮТ-өөс албан ёсны хариу ирээгүй байна. Тиймээс өнөөдрийн Дүүргийн онцгой комиссийн хурлаар оруулж чадаагүй” гэжээ. Өнөөдөртөө тус байрны оршин суугчдын асуудал шийдвэрлэгдэхгүй болсон гэсэн үг аж.