Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар багийнхаа зарим хүмүүст хариуцлага тооцож сольж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 16 секунд

Өнгөрөгч долоо хоногт МАН-ын удирдлагууд хотын дарга Д.Сумъяабазарыг намын байрандаа дуудаж уулзсан байна. Түүнийг “ажлаа зөв зохион байгуулахгүй байна, эргэж буцсан шийдвэрүүд гаргаж олон нийтийг бухимдууллаа,  хотын томилгоог хэт нэг талыг барьж сонгинохайрханы намын хороогоор дүүргэлээ, зөвхөн өөрийг нь тойрон хүрээлсэн хүмүүс л чухал албан тушаалд шагналын журмаар томилогдлоо. Шагналын журмаар очсон хүмүүс нь боловсрол, чадвар, ажлын туршлагаараа гологдож байна” гэдэг шүүмжлэл МАН дотор хүчтэй өрнөх болжээ.

Нөгөө талд нь Д.Сумъяабазар ажлаа аваад сар ч болоогүй байхад ковид алдсан. Ковид алдсан асуудал нь Улсын онцгой комисс, ЭМЯ-ны буруугаас болсон хотын удирдлагуудын буруутай зүйл байхгүй. Зуун мянган хүнтэй Дарханыг 1.5 сая хүнтэй Улаанбаатартай харьцуулах хэрэггүй. Харин ч хотын удирдлагууд хурдан шуурхай ажиллаж байна, халдварын тархалтыг богино хугацаанд хумиж, хотын замын хөдөлгөөнийг QR кодоор хянах гэх мэт сайн шийдвэрүүд гаргасан гэж түүнийг өмгөөлөх хүмүүс ч цөөнгүй байгаа аж.

Ямартай УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж хотын дарга болсон түүнд яаран түргэн хариуцлага тооцох тухай асуудал энэ удаад хөндөгдөхгүй, тодорхой зэмлэл чиглэл өгөөд өнгөрсөн бололтой. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар багийнхаа зарим хүмүүст хариуцлага тооцож шинээр томилж эхэлсэн байна. Юуны түрүүнд тэрбээр өөрийн тамгын газрын дарга Н.Уртнасанг ажлаас нь чөлөөлж А.Оюунчимэгийг томилжээ. А.Оюунчимэг нь сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч мөн Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүн байхад нь туслахаар нь ажиллаж байсан гэх мэдээлэл байна.

Цаашлаад автобусны жолоочоос ковид илэрсэн мөн золгүй байдлаар хүний амь эрсэдсэн гэх шалтгаанаар зорчигч тээврийн нэгтгэлийн даргыг солихоор болжээ. Энэ албан тушаалд мөн л өөрийн ойрын хүн гэгддэг Б.Сэргэлэнбаатарыг томилж байгаа гэх мэдээлэл байна.

Архангай аймгаас Улаанбаатарт ирээд эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг явдал уржигдар гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг ч солих бололтой.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 29 удирдах албан тушаалтныг солихоор ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлсэн гэв.

Ийнхүү Улаанбаатар хотын удирдах багийг шинэчлэх ажил эрчимтэй явагдаж байна. Гэхдээ энэ шинэчлэл нь хариуцлага тооцох, боловсон хүчинд тулгуурласан шинэчлэл үү? Эсвэл өөрийн тойрон хүрээлэгчдээр багаа бүрдүүлэх шинэчлэл үү? гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Д.Дэлгэр

МАН-ын удирдлагууд ковид алдсан асуудлаар зарим хүнд хариуцлага тооцохоор тохирчээ
МАН-ын удирдлагууд ковид алдсан асуудлаар зарим хүнд хариуцлага тооцохоор тохирчээ
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.