Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын удирдлагууд ковид алдсан асуудлаар зарим хүнд хариуцлага тооцохоор тохирчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 28 секунд

Ковид-19 цар тахлын халдвар дотоодод алдсанаас болж эрх баригчдын дотор зөрчил талцал гаарч эхэлжээ. Ядаж явахад яр гэгчээр Улсын онцгой комисс, эрүүл мэндийн яам, нийслэлийн удирдлагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эргэж буцсан шийдвэрүүд олон нийтийн дургүйцлийг илт төрүүлэх болж 100 жилийн ойгоо бүтэн ялалттай угтах МАН-ын төлөвлөгөөг хөөдөж мэдэхээр болсонд бухимдах хүмүүс олон байна.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн УИХ-ны чуулганы хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Г.Аюурсайхан мөсөн уулын оройг гэрэлд цохиулсан мэдэгдэл хийсэн. Тэрбээр

“Олон сарын хүч хөдөлмөрийг талаар болгосон хүмүүст хариуцлага тооцох ёстой. Төмөр замын баяр гээд шинжилгээний бичигтэй Оросууд орж ирсэн гэж байгаа. Монгол иргэд 21 хоног тусгаарлагдаж байхад, тэд яагаад ингээд ороод ирдэг юм бэ? Төмөр замын ачаа бараагаар халдвар тарсан гэдэг нь худлаа болж байна. Хүнээс дамжсан. Энд хяналт тавьж байсан, удирдаж байсан хүмүүсийг илрүүлж шат шатанд нь хариуцлага тооцох ёстой”

 

гэсэн. Үүнтэй зэрэгцээд “Шилэн Цогоо” Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хариуцлага тооцох ёстой гэж ил цагаан мэдэгдэх болсон. Энэ мэтээр ямар нэг хариуцлага тооцохгүй өнгөрч болохгүй гэдэг дээр МАН-ынхан санал нэгдэж ковидын халдвар алдсан буруутны эрэлд гарсан байна. Мөн хотын удирдлагууд, шадар сайдыг солих ёстой гэсэн яриа ч нэг биш хүний амнаас гарах болж энэ хэрэг явдалд хариуцлага тооцохгүй өнгөрвөл намын нэр хүндэд асар хортой тусна гэдэг сануулгыг УИХ-ын гишүүдийн зүгээс намын даргадаа хаяглах болсон байна. Ийнхүү шахаанд орсон намын удирдлагууд ковидыг дотоодод алдсан хүмүүст хариуцлага тооцохоо илэрхийлсэн байна. 

Хил хаалттай байхад Оросууд Монголын нутгийн гүнд зорчсоор байв

2020.08.15-ны өдөр Архангай аймгийн цэнхэрийн рашаан орчим
2020 оны наймдугаар сарын 15. Архангай аймгийн цэнхэрийн рашаанд оросууд өөрсдийнхөө машинтай явж байна гэж цахим сүлжээнд нийтлэгдсэн зураг. 

Цар тахлын хуулиар Монгол Улсын хилээр дамжин өнгөрөх транзит тээвэр, зорчигч тээврийн асуудлыг хил хамгаалах ерөнхий газар, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах зохицуулалттай. Эрүүл мэндийн яам тандалт, илрүүрэлт, оношилгоог хийж ажиллах ёстой. Гэтэл ОХУ-ын иргэд, тээврийн хэрэгслүүд Монгол Улсын нутаг дэвсгэрийн гүнд орж ирээд байна гэдэг мэдээлэл өнгөрсөн зунаас эхэлж гарсан. Жишээлбэл наймдугаар сарын 15-нд Архангайн чулуутын рашаанд Орос хүмүүс орос дугаартай машинтай явж байгаа зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн, есдүгээр сарын 15-нд Орос жолооч нар тээвэр хийж явахдаа хүүхдүүдэд чихэр тарааж өгсөн зэрэг мэдээлэл гарсан бол хамгийн сүүлд хөл хорионы үеэр согтуу орос жолооч орос дугаартай машинтай замын хөдөлгөөнд оролцож байгаа бичлэг гараад сураг алдарсан. Олон Улсын транзит тээвэр гэж нэрлэж байгаа ч тэр нь үнэндээ хоёр улсын хоорондын л тээвэр. Тэр тээврийн журмаараа бол жолооч нь кабинаасаа буухгүй, ганцаараа явах ёстой гэж байгаа. ЭМЯ Орос жолооч нарыг Дарханы лабориторид шинжилгээ авч байгаа гэж мэдэгдсэнээс дүгнэвэл Оросууд нутгийн гүн хүртэл явж байсан нь батлагдаж байгаа юм. Чухам хаа хүртэл тээвэр хийсэн, хэдэн км зам туулдаг. Жолооч нь кабинаасаа буухгүй явж байгаад хэн хяналт тавьж байсан зэрэг асуудал бүрхэг үлдэв.

Өөр эх сурвалжийн мэдээллээр төмөр замынхан Сэлэнгэд томоохон наадам хийсэн бөгөөд үүнд ОХУ-аас хүмүүс ирж оролцсон гэдэг мэдээлэл бий. Энэ талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: ОХУ-аас ганц, хоёр хүн ирж төмөр замын тэмцээнд оролцсон, тэр хүмүүс шинжилгээний бичигтэй байсан учраас халдвар тараасан гэж үзэхгүй байна гэж ам алдсан. Төд удалгүй тэр хүмүүс бол Монголд байнгын оршин суух хаягтай хүмүүс юм билээ гэж залруулсан. Албаныхан Монголын хилээр ОХУ-ын иргэд орж ирээгүй гэдгийг баримтаар нотолж чадахгүй байгаа. Харин ч шинжилгээний бичигтэй Орос иргэд онцгой ажлын шаардлагаар Монголд мэр сэр орж гарч байсан гэдэг нь дээрх үйл явдал, зарим баримтаар батлагдаад байгаа юм.

Хөл хорионы үеэр согтуу жолооч Орос дугаартай машинтай явж байгаад цагдаагийн албан хаагчдад саатуулагдсан.

Хариуцлагаа нэгэндээ бухсаар байна

Ковидын халдвар бараа таваараас биш хүнээс, тэр тусмаа хойд хилээр орж гарч байгаа хөдөлгөөнөөс болсон гэдэг нь өдрөөс өдөрт илэрхий болж байна. Тэгвэл хэн энэ бүхний төлөө хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. УОК нь зөвхөн Монгол Улсын иргэдийг гадаадаас татах, Монголд байгаа гадаадын иргэдийг нутаг буцаах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэж цар тахлын хууль 8.1.1, 8.1.2, 8.1.3 дахь заалтад маш тодорхой заасан байгаа харин хилээр зорчигч бусад улсын иргэн, тээврийн хэрэгсэл, транзит тээвэр, бараа бүтээгдэхүүн зэрэг асуудлыг гааль, мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах ёстой гэж өөрсдийгөө өмөөрөх болжээ. Мөн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх нь ЭМЯ-ны хариуцах ажил зорчигч, тээврийн тандалт, урьдчилан сэргийлэлт хангалтгүй байсан гэж ЭМЯ-ыг буруутгах хандлага ч байна.

Шадар сайд Я.Содбаатар, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга нарт хариуцлага тооцох ёстой гэж ярих хэсэг байхад тэд харин нь ч боомтууд дээр газар дээр нь очиж ажиллаад эрсдэлтэй байсан учраас хаах шийдвэр гаргажтом аюулаас аварсан гэж өмөөрөх хүмүүс ч байна.

Торгох шийтгэх болохоор манайх мэднэ гээд хэд хэдээрээ гараад ирдэг хариуцлага хүлээх болохоор манайд хамаагүй гэж асуудлыг түлхдэг нь төрийн байгууллагуудын гэм биш зан. Яг ийм хандлагаар хариуцлага хүлээх эзэн олдохгүй хоорондоо бухсан чихсэн байдалтай байна.

Ямартай ч хэрэг явдал намжсаны дараа хэд хэдэн хүнд хариуцлагын асуудал яригдах нь тодорхой болжээ. МАН-д үүнийг шахаж шаардах гишүүд олширч байгаа гэнэ. Үүнд эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарт хариуцлага тооцох асуудал сөхөгдөх бололтой.  Үүн дээр нэмэгдэж дарга нь зугтсан эзэнгүй айл шиг төмөр замын асуудлыг ч ярих бололтой. Алтанбулагийн боомтын захиргаа, хилийн тагнуулын алба ч хариуцлагаас мултрахгүй гэж эх сурвалж мэдээлж байна. Чухам хэнд ямар хариуцлага тооцохыг хүлээх л үлдэж байна. Хэрвээ энэ хэрэг явдалд хариуцлага тооцохгүй өнгөрвөл Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид сахилга бат, хариуцлага гэж үг амнаасаа унагаад ямар ч үнэ цэнэгүй утга учиргүй болох биз ээ.

Д.Дэлгэр

Д.Сумъяабазар тамгын даргаасаа эхэлж зарим хүнд хариуцлага тооцох болов
Д.Сумъяабазар тамгын даргаасаа эхэлж зарим хүнд хариуцлага тооцох болов
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.