Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болохгүй бол төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүйд хүрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 9 секунд

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа хаягдал усны бохирдол 2013 оноос 7 дахин нэмэгджээ. Тиймээс Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд хамгийн их бохирдолтой хаягдал усыг гаргаж байгаа 100 гаруй үйлдвэрийг хаягдал усны урьдчилан цэвэрлэх байгууламжтай болохыг уриалж байгаа юм. Энэ хүрээнд үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламж барих тухай сургалт, хэлэлцүүлгийг Барилгын хөгжлийн төвд зохион байгуулсан юм. Одоогоор 10 гаруй үйлдвэр өөрийн гэсэн урьдчилан цэвэрлэх байгууламжийг барьж эхэлжээ.

О.Мөнхбаяр: Урьдчилан цэвэрлэх байгууламж барих өртөг 3.2-6.5 тэрбум төгрөг

Энэ талаар ХББОСЯ-ны Газрын дарга О.Мөнхбаяр хэлэхдээ “Үйлдвэрүүд урьдчилэн цэвэрлэх байгууламжтай болж байж төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа бохирдлын хэмжээ буурна. Энэ дагуу стандарт хэмжил зүйн төв MNS65612024 стандартыг 2024 онд баталсан. Энэ стандартын дагуу үйлдвэрүүд маань хаягдал усаа төв шугамдаа нийлүүлэх шаардлага үүсэж байгаа. Урд нь бол хаягдал усаа шууд төв цэвэрлэх байгууламжид нийлүүлчихдэг байсан. Харин үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болсноор усаа дахин ашиглахаас гадна төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа бохирдол маш бага очно гэсэн үг. Одоогоор “АПУ” ХХК урьдчилан цэвэрлэх байгууламжийнхаа шавыг тавьсан. Үүнээс гадна 15 үйлдвэр урьдчилан цэвэрлэх байгууламжтай болсон. Нэг үйлвэр дээр баригдах урьдчилан цэвэрлэх байгууламжийн өртөг хамгийн багадаа 3.2-6.5 тэрбум төгрөг байх бөгөөд үүнийг үйлдвэрүүд маань өөрсдөө гаргаж байгуулах юм” гэлээ.

Т.Болорчулуун: Шинэ төв цэвэрлэх байгууламж ирэх 9-р сард бүрэн ашиглалтад орно

Харин Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн удирдагч Т.Болорчулуун “Шинээр барьж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусаж байна. Долоодугаар сарын сүүлээр бид хамгийн эхний ээлжийн ус авах төлөвлөгөөтэй байна. Ирэх 9”р сард төслийг бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Манайхан цэвэрлэх байгууламж гэхээр л бүх зүйлийг цэвэрлэдэг гэж ойлгоод байдаг. Тийм биш шүү дээ. Монгол Улсын стандарт 65612024 бол Улаанбаатар хотын ариутгалын шугам сүлжээнд нийлүүлэх бохир усны стандарт. Шинэ төв цэвэрлэх байгууламж бол энэ стандартыг барьсан усыг цэвэрлэх үүрэгтэй. Гэтэл одоо бол 2013-2017 онуудын дунджилсан бохироос 5 дахин илүү бохир ирж байна. Бохир ус цэвэрлэх технологийн процесс бол зүгээр усны хогийг шүүж авах биш өөр тос, химийн болон металлын хүнд бодисуудыг шүүгээд MNS 49432014 буюу Монгол Улсын стандартыг Туул голд нийлүүлэх цэвэр усыг гаргах ёстой. Гэтэл бид тийм цэвэр усыг гаргаж чадахгүй нөхцөлд ороод байгаа. Тиймээс хамгийн их бохирдол ус гаргаж байгаа ААН-үүдийн төлөөллийг цуглуулж, ийм нөхцөлд байдалд хүрээд байна. Тиймээс үйлдвэр дээрээ урьдчилан цэвэрлэх байгууламж бариач гэдэг уриалгыг гаргаж байгаа юм. Хэрвээ бид энэ стандартыг барьж чадахгүй бол 1 их наяд төгрөгийн өртөг бүхий төв цэвэрлэх байгууламжийн том төсөл үр ашиггүй болох гээд байгаа юм. Тийм учраас үйлдвэрүүд яаралтай урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох хэрэгтэй байгаа юм” гэлээ.

“Camerton-30” тоглолтод дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ
“Camerton-30” тоглолтод дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.