
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна.
Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой.
Даншиг наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна.Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна. Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, Давааны зөрлөгт /Хүй 7 худаг/ 08:50 зогсоно. Харин Давааны зөрлөгөөс 10:06 цагт хөдлөөд, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт зогсоно.